“Алмас эрдэнэс”-үүд 45 жилийн тэртээ 1965 оны 3-р сарын 18-нд дэлхийн ойролцоох тойрог замыг зорьсон. Энэ зөвлөлтийн “Восход-2” сансрын хөлгийн дуудлагын баг юм. Цаг хагасын дараа багийн нэг гишүүн Алексей Леонов дэлхийн хүмүүсээс анх түрүүнд задгай сансарт гарсан. Тэрээр задгай сансарт 12 гаруй минут байжээ. Алексей Леонов сэтгэгдлээсээ ийнхүү ярьж байна: Дэлхий гэгээтэй саарал бүрхүүлтэй байсан. Тийм ч үзэсгэлэнтэй бус, харин нарны зүгээс дэлхийн тийш харахад маргад эрдэнийн ногоон өнгөтэй сүлд модны гоёмсог бөмбөлөг чимэглэл мэт харагддаг. Гайхалтай нь Хар тэнгис үнэхээр хав хар өнгөтэй. Харин Балтын тэнгис саарал, Карибын тэнгис маргад эрдэнийн хөх өнгөтэй. Гадаргуу болон гүнээс хамааран өөр өөр өнгөтэй байна. Леонов задгай сансарт гарахдаа ер бусын эр зориг гаргасан. Өмсгөл нь хөөж, хөлөгтөө буцах аргагүй болсон санамсаргүй үед ч түүний зориг мохоогүй. Өмсгөлийн илүүдэл даралтыг бууруулж байж Леонов хөлөгтөө орсон юм. Санамсаргүй тохиолдол үүгээр дууссангүй. “Восход-2 хөлгийг газардуулахын өмнө чиглүүлэгчийн автомат систем ажлаагүй байна. Нөгөө сансрын нисэгч Павел Беляев хөлгийг гараараа чиглүүлж, тормозны хөдөлгүүрийг дарсан юм. “Восход-2” хөлөг Пермь хотоос хойд зүгт 180 км зайд тооцоолоогүй нутагт газардсан байна. Сансрын нисэгчид тэсгим хүйтэнд ойд хоёр хоног өнжжээ. Гурав дахь өдөр аврагчид тэдний байгаа газар очсон байна. Нисдэг тэрэг газардах талбайг тооцохын тулд мод тайрахаас аргагүй байв. “Восход-2” хөлөг нисэхийн өмнө ослын гурван мянга орчим тохиолдлыг боловсруулсан юм. Гол зохион бүтээгч Сергей Королев Алексей Леоновыг мордохын өмнө “Бид урьдаас юу ч тааж хэлж чадахгүй. Нисч ирээд бүгдийг бидэнд яримз” гэжээ. Алексей Леонов цааш үргэлжлүүлэн ярихдаа: Сергей Павлович хэлэхдээ: “Хэрэв та бүхэн ослын гурван мянган тохиолдлыг мэдэж байгаа бол нислэгийн үеэр гурван мянга нэг тохиолдолтой тулгарна. Та бүхэн гурван мянган тохиолдлыг мэдэх хойно шинэ тохиолдлыг давчихна.”Харин энэ тохиолдол үүнээс олон байв. Тооцоогүй олон саад гарч байсан тул бидний зарим нь техникт үл итгэх болсон. Гэхдээ бид бүх бэрхшээлийг шийдсэн.  Зөвлөлтийн сансрын нисэгч Алексей Леонов задгай сансарт гарсан нь улс оронд баярт үйл явдал төдийгүй дэлхийн хэмжээний үйл явдал байлаа. Үүнээс хойш 10 жилийн дараа Алексей Леонов дахин оддыг зорьсон. Зөвлөлтийн “Союз” хөлөг болон америкийн “Аполлон”хөлгийг залгах дэлхийн хэмжээний үйл явдал дахин болов.