Орос улс ойрын 15 жилд дэлхийн томоохон, хамгийн эрчимтэй дэд бүтцтэй зах зээлийн нэг болох ёстой. Америк-оросын бизнесийн зөвлөлийн захиалгаар бэлтгэсэн “Си-Жи-Эл-Эй инфрастракчер” нэр хүндтэй, мэргэжлийн зөвлөгч компанийн илтгэлд ийм дүгнэлт хийжээ. Дараагийн 10 жил Орос улсын дэд бүтцийг хөгжүүлэхэд 830 тэрбумаас нэг триллион долларын хөрөнгө оруулах шаардлагатай гэж илтгэлд дурдсан байна. Орос улсад асар их боломж байгааг компанийн ерөнхийлөгч Норман Андерсон илтгэлийг Америк-оросын бизнесийн зөвлөлийн Вашингтонд болсон хурлын үеэр танилцуулахдаа тэмдэглэв. Улс орны өрсөлдөх чадварыг эрс дээшлүүлэхэд нэн шаардлагатай энэ чиглэлд Москва аль болох хурдан хөгжлийн стратегийн үзэл баримтлалыг танилцуулах хэрэгтэй гэж дээрх мэргэжилтэн үзэж байна. Энэ зорилтыг хэрэгжүүлэхийн тулд Америк-оросын бизнесийн зөвлөлийн болон Андерсон компани 5-р сард Москва хотод олон улсын томоохон хэмжээний бага хурал зохион байгуулах бодолтой байна. Стратегийн хөрөнгө оруулагчид болон барилга, мөн инжинирингээс өгсүүлээд санхүү хүртэл янз бүрийн салбарт үйл ажиллагаа эрхэлдэг компанийн удирдлагуудын анхааралд Орос улсад хэрэгжүүлэх сратегийн дэд бүтцийн үндсэн 50 төслийг танилцуулахаар төлөвлөжээ.