Улаан-Үд хотын Монголын мэдээлэл-соёлын төвийн ордонд удахгүй монголын сонин, сэтгүүл уншиж, монголын уран зохиолын шинэ бүтээлтэй танилцах боломжтой болно. Буриадын нийслэлд долдугаар сард болох дэлхийн монгол туургатны чуулга уулзалтын бэлтгэл ажлын хүрээнд Монгол улсаас Улаан-Үдэд суугаа Ерөнхий консулын дэмжлэгээр тус бүгд найрамдах улсын үндэсний номын сангийн баазад түшиглэн Бүс нутгийн соёлын яам энэ төвийг нээж байна. Манай номын сангийн ажилтнууд ийм төв байгуулах санал гаргасан гэж Үндэсний номын сангийн захирал Жанна Ильина ярьж байна. Энэ төвийг байгуулах байр тодорхой болсон. Мэдээллийн нөөц эх үүсвэрийг бүрдүүлсэн. Өнөөгийн байдлаар манай номын сангийн сан хөмрөгт монгол хэлээр мянга гаруй ном байдаг. Бид Монгол улсын Үндэсний төв номын сантай гэрээ байгуулсан бөгөөд жил бүр ажил нэгт нөхдөөс 100 ном хүлээж авдаг. Мөн тооны буриадад хэвлэсэн ном, товхимолыг Улаанбаатар хотод илгээж байгаа. Ном хэвлэлийг тогтмол солилцож байна. Монголын мэдээлэл-соёлын төвд ирсэн хүмүүс эрдэм шинжилгээ, нийтлэлийн жинхэнэ зохиол, гагц сэдэвт зохиол, эдийн засаг, бизнесийн лавлах, толь бичиг, нэвтэрхий толь, монгол хэл, хуучин монгол бичгийн сурах бичгийг ашиглах сайхан боломжтой. Чингис хааны талаар Буриадад хэвлэсэн бүх материалыг энэ төвд тоот болгосон байна. Мөн “Үнэн”, “Номын түлхүүр”, “Зууны мэдээ”, “Хүрээ хэмнэл” зэрэг тогтмол хэвлэлийг унших боломжтой. Монголоос янз бүрийн сэдэвтэй Ди-Ви-Ди болон Си-Ди, дүрс бичлэгийн хуурцаг, цомог, дүрс бичлэгийн кино зэргийг авчирсан байна. Энэ төвийг долдугаар сарын дундуур нээх бөгөөд үүнээс өнмө Буриадын үндэсний төв номын сангийн ажилтнууд “Монголика” нэртэй өөр вэб хуудас нээх бодолтой байна.  Бид энэ ажлыг хэдийн эхэлсэн. Манай санд байгаа монгол хэл дээрх бүх материалыг тоот болгосон. Бид эхлээд вэб хуудастаа булан нээнэ. Хэрэв хангалттай их нөөц эх үүсвэр байвал бие даасан вэб хуудас бүтээнэ. Монгол хэлтэй интернет хэрэглэгчдэд Буриад болон Монголын талаар, мөн Улаан-Үд хотод болох монгол туургатны чуулга уулзалтын бэлтгэл ажлын талаар аль болох хурдан хүргэхийг яарч байна. Бүгд найрамдах Буриад улсын Үндэсний номын сангийн захирал Жанна Ильина 3-р сарын 16-нд Монголыг зорилоо. Шинэ төв болоод вэб хуудаст шаардлагатай материалын талаар бүх асуудлыг монголын түнштэй хэлэлцэхээр тус улсыг зорьжээ.
<сонсох>