Пакистаны баруун хойд нутгийн Сват хөндийд орших Мингоре хотод алан хядах ажиллагааны уршгаар 10 хүн үрэгдэж, 40 хүн шархаджээ. Амиа золиослогч этгээд аюулгүй байдлыг хангах хүчний байранд нэвтрэхийг оролдоход хууль сахиулагчид түүнийг зогсооход, өөрийгөө дэлбэлсэн гэж орон нутгийн цагдаагийн албаны төлөөлөгч мэдэгдэв. Террористын биенд 15 кг дэлбэрэх хэрэгсэл байжээ. Өөр нэг хувилбараар зэвсэгт этгээд минажуулсан автомашинтай цагдаагийн шалган нэвтрүүлэх цэгт дайран оржээ. Талибан хөдөлгөөнийхөн халдлагын хариуцлагыг хүлээсэн байна. Эрх баригчид өнгөрсөн оны 10-р сард Афганистантай хиллэдэг өмнөд Вазиристан мужид тэдний эсрэг цэргийн өргөн хүрээтэй ажиллагаа явуулсан юм. Үүний хариуд зэвсэгт этгээдүүд урьд байгаагүй их алан хядах ажиллагаа үйлдэнэ хэмээн заналхийлсэн байна. Пакистаны Лахор хотод баасан гаригт 4 дэлбэрэлт болж 60 орчим хүн амь насаа алджээ.