Орос улсын Ерөнхий сайд В.Путин, Энэтхэгийн ерөнхий сайд Манмохан Сингх нар Шинэ Делид  хийсэн яриа хэлэлцээний төгсгөлд Орос, Энэтхэг улс хэд хэдэн чухал баримт бичигт гарын үсэг зурав. Тухайлбал энхийн зорилгоор атомын эрчим хүч ашиглахад хамтран ажиллах тухай хэлэлцээр, энэ салбарт өргөн хүрээтэй хамтын ажиллагааг хөгжүүлэх  "замын зураг"-ийг боловсруулах юм. Хэлэлцээрийн дагуу Энэтхэгт атомын эрчим хүчний 12 блок барина. Роскосмос болон Энэтхэгийн сансар судлалын газар Оросын ГЛОНАСС хиймэл дагуулын системийн дохиог Энэтхэгт хүлээж авах газар дээрх навигацийн тоног төхөөрөмж үйлдвэрлэх хамтарсан компани байгуулна. Оросын 1,5 тэрбум долларын 29 МиГ-29К тавцангийн сөнөөгч нисэх онгоцыг Энэтхэгт нийлүүлэх бас нэг хэлэлцээр байгуулжээ. Түүнчлэн Энэтхэгийн Тэнгисийн цэргийн хүчинд "Адмирал Горшков" нисэх онгоц тээгчийг шинэчлэх шинэ хэлэлцээрт мөн гарын үсэг зурсан юм. Орос улс зөвхөн худалдаа төдийгүй хамтын ажиллагаанд түшиглэн Энэтхэг улстай цэрэг-техникийн салбарт  хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ гэж В.Путин Нью-Делид болсон хамтарсан хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн юм. Энэтхэгт оросын хуягт техникийг угсрах төсөл амжилттай хэрэгжиж, "Брамос" пуужинг хамтран бүтээж байгааг ерөнхий сайд сануулаад, тав дахь үеийн нисэх онгоц бүтээх хамтын ажлыг үргэлжлүүлнэ хэмээн мэдэгдэв. Энэтхэг Орос улсыг найдвартай түнш хэмээн үздэг бөгөөд цаг хугацаа өнгөрөх тусам үүний ач холбогдол өсөн нэмэгдэж байна гэж Манмохан Сингх хэлэв. Орос улс бидний хувьд итгэлтэй, найдвартай стратегийн түнш хэмээн тэрээр тэмдэглэв. Орос, Энэтхэг улс яриа хэлэлцээний үеэр Афганистан дахь терроризмын эсрэг хамтран тэмцэхээр тохиролцов. Энэтхэгийн ерөнхий сайд В.Путиныг "Энэтхэг, Орос улсын стратегийн түншлэлийн архитекторч" хэмээн нэрлэж, түүний энэхүү айлчлал хоёр талын нягт харилцааг бэхжүүллээ гэж нэмж хэлсэн юм.