0 Энэ өдрүүдэд Бүгд найрамдах Буриад улсын гудамжинд “Монголд үйлдвэрлэв” барааны үзэсгэлэнгийн өнгө будаг хосолсон зарлалын самбарыг харж болно. Хотын оршин суугчид үүнийг их сонирхож байна. Ийм нэртэй үзэсгэлэнг 3-р сарын 12-15-нд Улан-Үд хотод зохион байгуулна. Улаанбаатар хотын захиргаа үзэсгэлэн зохион байгуулах санал дэвшүүлжээ. Буриад, Монгол улсын нийслэл ахан дүүгийн харилцаа тогтоосны 10 жилийн ойг тохиолдуулан ийм үзэсгэлэн гаргаж байна. Хэлэлцээрт 2000 оны 5-р сарын 19-нд гарын үсэг зурсан юм. ОХУ-ын дээр дурдсан бүс нутгийн нийслэл, мөн Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын харилцаа хөгжихөд 2008 онд зохион байгуулсан арга хэмжээ их түлхэц болсон. Тухайн жил Монгол улсын нийслэлд Улан-Үд хотын эдийн засаг, соёлын өдрийг зохион байгуулсан юм. Үүний дараа хоёр хотын бизнес эрхлэгчид нэг тэрбум гаруй рублийн гэрээ байгуулсан юм. Сүүлийн жилүүдэд Дарханы нэхий эдлэлийн үйлдвэр, ноолууран эдлэлийн “Говь” компани, Улаанбаатар, Эрдэнэтийн хивсний үйлдвэрийн бүтээгдэхүүнийг борлуулдаг төрөлжсөн дэлгүүр, их дэлгүүрүүдийн тусгай хэсэг Улан-Үд хотод бий болсон гэж Улан-Үд хотын захиргааны гадаад эдийн засгийн харилцааны Удирдах газрын дарга Александр Хантаев ярив. Манай хотод эдгээр компанийн төлөөлөгчийн газар ажилладаг төдийгүй дээрх бэтээгдэхүүн буриадад их эрэлттэй байдаг. Одоогоор бид Улан-Үд хотод монголын шилдэг бүтээгдэхүүнийг борлуулах Худалдааны ордон, байнга ажиллах үзэсгэлэн ярмаг нээх яриа хэлэлцээ хийж байна.  “Монголд үйлдвэрлэв” үзэсгэлэнг зохион байгуулснаар хоёр хотын худалдааны харилцааг хөгжүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулах байх. Үзэсгэлэнд Монголд өргөн хэрэглэдэг ноолуур, арьс, нэхмэл эдлэл, хивс, эсгийгээр хийсэн гар эдлэл, бэлэг дурсгалын зүйлс, мөнгөн үнэт эдлэл зэрэг өргөн нэрийн бараа тавина. Орчин үеийн, шинэ загварын эдгээр бүтээгдэхүүн Улан-Үдийн залуус, эмэгтэйчүүдэд таалагдана гэж найдаж байна. Үзэсгэлэнд 30 гаруй компанийн бүтээгдэхүүнийг тавина гэж Александр Хантаев хэллээ. Үзэсгэлэнд компаниудын ерөнхий захирал, дарга зэрэг монголын зуу орчим бизнес эрхлэгч ирнэ. Улаанбаатар хотын дарга ноён Ганболд албан ёсны төлөөлөгчдийг даргална. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Монголын Худалдаа аж үйлдвэрийн тэнхимийн ерөнхий захирал Оюунтэгш байна. Монгол улсаас Улан-Үдэд суугаа Ерөнхий консулын газар үзэсгэлэнгийн бэлтгэл ажилд идэвхтэй оролцож байна. Буриадад 3-р сарын 18-22-нд “Монголд үйлдвэрлэв” үзэсгэлэн гарсны дараа Эрхүү хотын Экспо төвд гарах үзэсгэлэнд монголын бизнес эрхлэгчид мөн оролцоно. Улан-Үд болон Улаанбаатар хотын удирдлага одоо Буриадын нийслэлд Улаанбаатар хотын өдрүүдийг зохион байгуулах асуудлыг шийдэж байна. Энэ өдрүүд 9-р сард болно. Улан-Үд хот монголын Дархан, Эрдэнэт зэрэг хоттой ах дүүгийн харилцаатай билээ.


0<

0сонсох

0>