Оросын бүс нутгуудаас Эрхүү муж Монголын худалдааны гол түнш байсан, байсаар ч байна. Тус бүс нутгийн Эдийн засгийн хөгжил, хөдөлмөр, шинжлэх ухаан болон боловсролын асуудал эрхэлсэн дэд сайд Дмитрий Ялов манай тусгай сурвалжлагч Ольга Павловичид ярилцлага өгөхдөө ийнхүү мэдэгдсэн юм. Орос, Монголын бараа эргэлт 2008 онд сүүлийн 20 жилд анх удаа тэрбум доллароос давахад энэ үзүүлэлтийн бараг 70 хувь нь Эрхүү мужид ноогдож байв. Дэлхийн санхүүгийн хямарлын улмаас ОХУ-ын тус бүс нутаг болон Монгол улстай хамтран ажиллахад өөрчлөлт оруулсан. Хоёр талын бараа эргэлт нэлээд буурсан гэж Дмитрий Ялов ярив. Эрхүү мужаас Монгол улсад үндсэндээ бензин, мазут, керосин зэрэг нефть бүтээгдэхүүн экспортолдог. Монгол улсад өнгөрсөн жил энэ төрлийн түлшний эрэлт эрс унасан юм. Хэрэв 2008 онд бид тус улсад 602,8 сая долларын нефть бүтээгдэхүүн нийлүүлж байсан бол өнгөрсөн жил ердөө 276 сая долларын түлш нийлүүллээ. Хоёроос илүү дахин буурсан. Монголоос авдаг импортын тухайд мөн ялгаагүй ийм байдалтай байна. Тус улсаас үндсэндээ мах импортоор авдаг. Өнгөрсөн жил бид 1,6 сая долларын мах импортоор авч байсан бол үүний өмнөх жил энэ тоо дөрөв дахин их байсан. Экспорт, импортын бусад зүйлийн үзүүлэлт мөн иймэрхүү байна. Түр зуурын хэмээн үзэж байгаа энэ бэрхшээлийг үл харгалзан Эрхүү мужийн удирдлага, тус бүс нутгийн дарга Дмитрий Мезенцев Монгол улсыг тэргүүн зэргийн түнш хэмээн үзэж тус улстай хамтын ажиллагаагаа хөгжүүлэхэд ихээхэн анхаарал хандуулж, хамтран ажиллах шинэ хэлбэрийг ч эрэлхийлж байна. Аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах дорвитой ирээдүй байна гэж Дмитрий Ялов хэлэв. Энэ салбарыг хөгжүүлж, мөн хамтарсан төсөл хэрэгжүүлсний дүнд Эрхүү муж болон Монгол улсын төсөвт ихээхэн орлого олох боломжтой. Тухайлбал “Байгал-Хөвсгөл” маршрут байна. Дэлхийн байгалийн сувд Байгал нуур Эрхүү мужид оршдог гэж Дмитрий Ялов ярив. Монгол улсад мөн дутахгүй үзэсгэлэнтэй Хөвсгөл нуур бий. Өөр хоорондоо гайхалтай төстэй энэ хоёр нуурыг монголын домог ярианд эгч дүү нуур хэмээн дурддаг. Жуулчин нэг удаа явахдаа хоёр их нуурыг үзэх боломжтой аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн нь Эрхүү муж болон Монгол улсад ашигтай юм. Хоёр нуурын маршрутаар аялал жуулчлалын нөөцийг хэдийн судалсан. Хоёр нуур хэдэн зуун километрийн зайтай. Гурван сонирхолтой маршрут боловсруулсан. Оросын хэд хэдэн компани Монголын нуурын орчимд дэд бүтцийн хэд хэдэн объект барина. Төслийн нэг сул тал нь Монд-Ханх хилийн боомттой холбоотой гэж Дмитрий Ялов хэллээ. Хилийн энэ боомт олон улсын статусгүй юм. Зөвхөн орос, монголын иргэд хилийн боомтоор зорчих эрхтэй. Гэхдээ энэ боомтын статусыг өөрчлөх бүх ажлыг энэ жил дуусгахаар “Росграница” улсын агентлагтай тохиролцсон. Энэ маршрутын аялалыг 2010 оны зун туршиж, төслийг 9-р сараас бүрэн хэрэгжүүлж эхэлнэ. Эрхүү болон монголын аялал жуулчлалын компани амжилттай ажилласан тохиолдолд “Байгал-Хөвсгөл” төслийг Эрхүү хотод намар болох Байгалийн эдийн засгийн зургаа дахь эдийн засгийн чуулганаар танилцуулна.
<сонсох>