0Оросын улсын академийн Надеждины нэрэмжит “Березка” бүжгийн хамтлаг дээд амжилт тогтоов. Хамтлаг байгуулагдсан цагаас бүжигчид нь тайзнаа дэлхийн экваторын уртаас илүү урт зайд алхажээ. Хамтлагийн хэвлэлийн төлөөлөгч Татьяна Колтакова өнөөдөр энэ тухай Итар-Тасс агентлагт уламжлав. Нэрд гарсан хамтлаг анх 1948 онд байгуулагдсан цагаас тоглолт бүрийг “Березка” тойрон бүжгээр эхэлдэг байна. Бүжгийн үндэс нь надеждины давалгаалсан алхаа байдаг. Ийнхүү алхахад бүжигчид байрнаасаа хөдлөхгүй харин тайз эргэж байгаа мэт сэтгэгдэл төрдөг. Тайзнаа ингэж алхахад бүжигчин бүсгүйчүүдийн даашинзны ганц ч хуниас хөдөлдөггүй байна. Хамтлагийг үүсгэн байгуулагч Надежда Надеждины нууцыг “Березка” хамтлагийнха өнөө хир хадгалдаг. Байгал дэлхий, эмэгтэй хүний гоо үзэсгэлэнг магтан дуулсан, яруу сайхан, амьдралын баяр баясгалангаар ялгардаг Надеждины дэглэсэн энэ бүжиг эх орны бүжгийн алтан санд багтдаг. “Березка” хамтлагийн уран сайхны удирдаач ЗХУ-ын ардын жүжигчин Мира Кольцова хамтлагийн үүсгэн байгуулагчийн шилдэг бүтээлийг шинэ бүтээлтэй гайхалтай хослуулж байна. Хамтлагийн концерт хаана ч амжилттай болж өнгөрдөг. Эх орны өнцөг булан бүрт, мөн гадаадад хамтлагийн тоглолтыг тэсэн ядан хүлээдэг байна. “Березка” хамтлагийг дэлхийд Оросын бэлэг тэмдэг хэмээн хүлээж авдаг.