Америкийн засаг захиргаа одоо боловсруулж байгаа АНУ-ын цөмийн шинэ номлол “хүйтэн дайны хуучирсан үзэл санааг ард орхиж, цөмийн зэвсгийн тоог цөөлж, үндэсний аюулгүй байдлыг хангах америкийн стратегид тэдгээрийн гүйцэтгэх үүргийг бууруулна”. Цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх тухай гэрээ хүчин төгөлдөр болсны 40 жилийн ойг тохиолдуулан АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама баасан гаригт энэ тухай мэдэгдэв. Гэрээний гурван гол тулгуур нь “зэвсэг хураах, цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх, цөмийн эрчим хүчийг энхийн зорилгоор ашиглах” хэмээн Барак Обама хэллээ. Зэвсэг хураахын тулд АНУ “цөмийн зэвсгийг дорвитой бууруулж, стратегийн давшилтын зэвсгийг хорогдуулах тухай гэрээг орлох учиртай хэлэлцээрийн яриа хэлэлцээг дуусгахаар Орос улстай хамтран ажиллаж байна” гэж Барак Обама хэлэв. Вашингтон “цөмийн туршилтыг бүх талаар хориглох тухай гэрээг баталж, цөмийн зэвсэглэлд ашиглаж болох бутардаг материалын үйлдвэрлэлийг хориглох тухай хэлэлцээрийг хэлэлцэхийг” эрмэлзэж байгааг тэрээр мөн тэмдэглэв. Цөмийн зэвсэг дэлгэрүүлэхээс сэргийлэх олон улсын хүчин чармайлтын тулгын чулуу энэ гэрээ хэмээн Барак Обама хэлсэн юм.