Эрхэм радио сонсогчид оо, “Оросын дуу хоолой” радиогоор долоо хоног тутмын “Манай шуудангийн хайрцаг” нэвтрүүлэг дамжуулж байна.  Уламжлал ёсоор нэвтрүүлгээ захидлын тоймоос эхэлье. Дархан хотын сонсогч Г.Дорж 60 гаруй жил манай нэвтрүүлгийг сонсч байна. “Оросын ард түмний амьдралын улс төр, нийгмийн тал, шинжлэх ухаан, техник, эдийн засгийн ололт амжилтын талаар өгүүлж байгаа нь сайхан хэрэг” хэмээн тэр нэмж хэлсэн юм. Бид Баянхонгор аймгийн сонсогч С.Үнэнбуянаас захидал хүлээж авлаа. Түүнд манай нэвтрүүлэг их таалагддаг байна. Тэрээр манай нэвтрүүлгийг сонирхолтой, мэдээлэл сайтай хэмээн дүгнэжээ. Улаанбаатар хотын сонсогч Ж.Наранцэцэг электрон шуудангаар захидал илгээсэн байна. Тэрээр “Оросын дуу хоолой” радиог гайхалтай радио хэмээн үнэлжээ. С.Цэвэгмид манай редакцийн хамт олонд шуудангаар илгээсэн захидалдаа Цагаан сарын баярын мэнд дэвшүүлж, эрүүл энх, сайн сайхан, ажлын өндөр амжилт хүсчээ. Түүний илгээсэн шүлгийг сонсоно уу. Эрхэм сонсогчид оо, “Оросын дуу хоолой” радиогийн нэвтрүүлгийн талаар сэтгэгдлээсээ хуваалцсанд баярлалаа. Одоо хөгжмийн завсарлага авцагаая. Эрдэнэт хотын сонсогч Ё.Магсаржаламын хүсэлтээр “Би Москва хотоор алхаж байна” дууг хүргэе.  “Манай шуудангийн хайрцаг” нэвтрүүлгээ үргэлжлүүлье. Манайд ирсэн захидлаас үзэхэд театр сонирходог цөөнгүй сонсогч байна. Одоо театрын Үйл ажиллагааны Холбооны /ТҮАХ/ зуны сургуулийн тухай хүргэе. Энэ төсөл Орос улсын хувьд шинэ, ер бусын хэдий ч, олон улсын хэмжээнд орос хэлээр ярьдаг мэргэжлийн залуу жүжигчдийн дунд хэдийн нэрд гарчээ. Энэ сургууль байгуулагдсанаас хойш 3 жилийн хугацаанд ТУХН-ийн орнууд, Балтын тэнгисийн орнууд, Европ, Ази, мөн Монгол зэрэг 36 орны 300 жүжигчин сургажээ. Москвагийн “Эт сетера” театрын найруулагч Александр Калягин энэ төслийн талаар ийнхүү ярьж байна. ОХУ-ын ТҮАХ-ны Олон улсын театрын зуны дөрөв дэх сургууль Москва орчмын Звенигород хотод 5-р сарын 29-өөс 6-р сарын 26 хүртэл үргэлжилнэ. Ялалтын 65 жилийн ойг тохиолдуулан “Дурсамжийн зам” өргөн хүрээтэй ажиллагаа явуулна гэж Александр Калягин ярив. Зуны гурван сургуульд оролцсон залуус тэр дундаа монгол оюутнууд Москва хотод дахин уулзаж, Аугаа эх орны дайнд зориулсан “Дурсамжийн захидал” театрын зуны сургуулийн сэтгэл хөдөлгөсөн жүжгүүдийн нэгийг сэргээж, дайнд амь үрэгдсэн дайчдын дурсгалыг хүндэтгэж, ахмад дайчиддаа баяр хүргэнэ. Энэ жүжгийг 4-р сарын 28-аас 5-р сарын 10 хүртэл баатар 10 хот, цэргийн алдар цуут хотуудад тоглоно. Жил ирэх тутам төслийн газар зүйн хамрах хүрээ өргөжиж байна. Тухайлбал энэ жил АНУ, Коста-Рика улсын жүжигчид төсөлд оролцоно. Зуны дөрөв дэх сургуульд залуу 85 жүжигчин оролцох юм. Тэд сарын турш Москва болон Санкт-Петербург хотын театрын тэргүүлэх их дээд сургуулийн оросын нэрд гарсан багш нарын удирдлаганд мэргэжлийн үндсэн хичээл судална. Мөн боловсролын энэ хөтөлбөрийн хүрээнд Москвагийн тэргүүлэх театрын найруулагчид лекц уншиж, цуврал сургалт зохион явуулахаар төлөвлөж байна. Уламжлал ёсоор сургалтын үеэр драмын хоёр, хүүхэлдэйн, пластик гэсэн төгсөлтийн дүрвэн жүжиг тавина. Эдгээрийг Москва, Звенигород, Серпуховын театрын тайзнаа тавина. Одоо Булган аймгийн Хишиг-Өндөр сумын сонсогч Ц.Даваасамбуугийн хүсэлтийг дуртаяа биелүүлье. Тэрээр хүү Туваансүрэн, Лхагвасүрэн, охин Сарангэрэл, эгч Лхагвасүрэн, Оюундэлгэр, Эрдэнэт хотод суугаа Нарангэрэл нартай ая дууны мэндчилгээ дэвшүүлжээ. “Будран орох цас” дууг хүлээн авна уу.  “Манай шуудангийн хайрцаг” нэвтрүүлгээ үргэлжлүүлье. Завхан аймгийн сонсогч Түмэнбаатар “Цайны өвлийн жингийн цувааны” талаар өгүүлэхийг хүсчээ. “Их цайны зам” төсөл нь хэтдээ Буриадын аялал жуулчлалын нэр хүндтэй брэнд болох төлөвтэй. Нэгдсэн маршрутын сүлжээ байгуулахын тулд бүс нутгийн замыг боловсруулж байгаа 15 бүс нутгийн аялал жуулчлалын агентлагийн төлөөлөгчдийг Орос улсад хэрэгжүүлэх энэ төсөлд хамруулахаар төлөвлөж байна. “Цайны зам” түүх нь Евразийн ард түмний дипломат, худалдаа, соёлын харилцаа хөгжсөн түүхийн тод хуудсын нэг юм. Цайны зам нь хаш, торгон, давс, цагаан тугалга, дарсны зэрэг замын адилаар хүн төрлөхтний хөгжлийн түүхэнд ихээхэн үүрэг гүйцэтгэсэн юм. Худалдаа эргэлтийн хэмжээгээр энэ зам Их Торгоны замын дараа орж байжээ. Энэ замаар 200 гаруй жил жингийн цуваа явсан юм. Шинэ газар нутаг эзэмших, сүм хийд барьж байгуулах, соёл бүрэлдэн тогтох, хот, зам барихад худалдаачид, мөн улсын сан хөмрөгөөс их хөрөнгө оруулсан юм. Суэцийн суваг бий болсны дараа Цайны зам аажмаар ач холбогдол нь буурч, мөхсөн байна. Одоогийн байдлаар замын ихэнх хэсэг Ази, Европын бүс нутгийг холбосон тээврийн ерөнхий сүлжээнд багтсан төмөр зам, автомашины зам болон хувирчээ. “Их цайны замыг” байгуулж, хөгжүүлэх газар зүйн нутаг дэвсгэрээр Буриадыг сонгосон нь учиртай. Газрын зургийн “Цайны зам”-ын гол цэгийн нэг нь Хяхт хот юм. Буриадын энэ хотод буриад, монгол, худалдаачны цай хэрэглэх соёлын уламжлал хадгалагджээ.  Бүгд найрамдах буриад улсын аялал жуулчлалын асуудал эрхэлсэн агентлагийн төлөөлөгч Елена Дамбуева ийнхүү ярьж байна.  Энэ төслийг хөгжүүлэх ажлын хүрээнд манай агентлаг Буриадын Их цайны замд “Цайны өвлийн жингийн цуваа” олон улсын аялал жуулчлалын арга хэмжээ зохион байгуулж байна. “Цайны өвлийн жингийн цуваа” бүх арга хэмжээнд оролцсон Ямал хотын өвлийн өвгөн Ямал Ирийг баярын үеэр урьж оролцуулсан юм. Хятадаас Монгол, Оросын нутгаар явсан жингийн цуваа 18-19-р зууны цайны худалдааны төвийг дайрсан байна. Энэ үеэр бүс нутгийн оролцогчид буухианы зарчмаар цайтай “цыбик” дамжуулжээ. Буриадын нутаг дэвсгэрт “Цайны өвлийн жингийн цуваа” аялал жуулчлалын маршрут Хяхт хотын Воскресенскийн цогчин дуганаас хөдөлсөн юм. Жингийн цуваа Хяхтаас гарч, Новоселенгинск, Табагатай, Иволгинск тосгоныг дайрчээ. Жинчдэд язгуур урлагийн бүтээл толилуулж, бяцхан үзэсгэлэн ярмаг зохион байгуулж, музей, дацангаар аялуулсан байна. Жингийн цуваа аялалын зарим хэсэгт ердийн хөсгөөр зам туулж байв. Жингийн цуваа Улаан-Үд хотын захын талбайд Цагаалгана баяр тэмдэглэх үеэр ирсэн юм. Дараа нь эрхүүгийн төлөөлөгчид жингийн цувааг авч явав. Оросын болон олон улсын аялал жуулчлалын зах зээлд Их цайны замын нөөцийг нэвтрүүлэх томоохон арга хэмжээ, тод үйл явдал нь “Цайны өвлийн жингийн цуваа” арга хэмжээ юм. Нийгэм, эдийн засгийн салбарт аялал жуулчлалын гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтыг татах, аялал жуулчлалын харилцааг өргөжүүлэх, олон улсын харилцааг бэхжүүлж, аялал жуулчлалыг хөгжүүлэхэд худалдааны замаас улбаатай Евразийн өргөн уудам нутаг дэвсгэрийн соёл-түүхийн баялаг өвийг ашиглахад төслийн зорилго оршиж байна. Хятад, Монгол, Орос улсыг холбосон “Цайны өвлийн жингийн цуваа” маршрутад Европ, Америк, Африкийн орнуудад цай хүргэж байсан худлдааны асар олон зам багтдаг юм. Цайны соёлын сэдэв нь жуулчдыг ард түмнүүдийн үндэсний соёл, түүхийн үйл явдал, орчин үеийн аж амьдралтай нь танилцуулах асар олон янзын хөтөлбөрийг нэгтгэсэн талбар болох боломжтой. Энэ зорилгоор урт, богино хугацааны аялалаар түүхэн дурсгалт олон газар очих буюу тодорхой хэсгийг сонирхох зэрэг хангалттай өргөн сонголт бүхий аялалын маршрут боловсруулж байна. 1992 оноос бэлтгэж байгаа “Их цайны зам” төслөөр нэгдсэн брэнд бүхий бүс нутгийн аялалын маршрутын сүлжээ байгуулж, хуурай замын цайны худалдааны баялаг түүх жуулчдыг татах нь гарцаагүй. Буриад, Эрхүү мужаас гадна төсөлд Омск, Новосибирск муж, Приамур, Өвөр байгаль, Красноярскийн хязгаар багтах ёстой юм. Одоо завсарлага авцагаая. Хэнтий аймгийн сонсогч Г.Гэндэн оросын хөгжмийг их сонирходог байна. “Тохиолдлын уулзалт” романсыг сонсоно уу. “Манай шуудангийн хайрцаг” нэвтрүүлгээ үргэлжлүүлье. Улаанбаатар хотын сонсогч С.Дагвадорж, Өмнөговь аймгийн сонсогч Е.Бямбажав, Увс аймгийн Баруунтүрүүн сумын сонсогч Ш.Жамбалсүрэн нар байгаль орчин, ургамал, амьтныг хамгаалах талаар Орос улсад хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар өгүүлсэн нэвтрүүлэг сонирхолтой байна хэмээн тэмдэглэсэн юм. Оросын “Саяно-Шушенск” биомандалын дархан цаазат газар, мөн “Увс нуурын хотгор” дархан цаазат газрын ажилтнууд Дэлхийн онгон байгалийн Оросын салбарынхны дэмжлэгээр ирвэсийг тоолж байгаа талаар бид өнөөдөр өгүүлнэ. Зарим мэдээгээр Орос улсад 150 толгой ирвэс байдаг. Ирвэс бусад төрлийн аварга муурын адилаар хурдан өсч, үрждэггүй байна. Тэгээд ч энэ амьтны 90 хувийг агнадаг. Красноярскийн хязгаарын өмнөд хэсэг, Тувагийн баруун өмнөд хэсэгт ирвэсийг тоолж байна. Шинжээчид ирвэсээс гадна Саяно-Шушенскийн дархан цаазат газар, түүний хамгаалалтын бүс, Цагаан-Шивээтийн нуруунд нутаглаж байгаа аргаль, бусад туурайтан зэрэг ангийн бусад амьтны тоо толгойг гаргах бодолтой байна.  Хээрийн судалгааны явцад агнасан ирвэс, энэ араатан гэрийн малд халдсан мэдээлэл цуглуулна. Хээрийн ажлын дүнд ирвэсийн нутагладаг энэ газар тоо толгойг нь хадгалах зөвлөмж боловсруулна. Дэлхийн онгон байгалийг хамгаалах сангийн Алтай-Саяны экологийн бүст хэрэгжүүлэх гол зорилтын нэг нь ирвэс, аргалийн тоо толгойг хадгалах явдал юм. Алтай-Саяны эко бүс нутгийн үндэсний цэцэрлэгт хүрээлэн, дархан цаазат газрын холбоо 2007-2008 онд ОХУ-ын нутаг дэвсгэрт ирвэсийг ажиглах хөтөлбөр боловсруулсан юм. Үүнийг Холбооны байгалийн онцгой хамгаалалттай нутаг дэвсгэрийн хүчин чармайлтаар өнгөрсөн жил хэвлэсэн юм.  “Манай шуудангийн хайрцаг” нэвтрүүлэг өндөрлөж байна. Манай сонсогч Д.Долгорсүрэн Булган аймгийн Тэшиг сумын оршин суугчдад ая дууны мэндчилгээ дэвшүүлжээ. Түүний хүсэлтийг дуртая биелүүлье. “Цагаан бүжиг” дууг хүргэе. Эрхэм хүндэт сонсогч та бүхэнд амжилт, зол жаргал, эрүүл энхийг хүсэн ерөөе. Бидэнд захидал бичээрээй! Бид та бүхний асуултад дуртайяа хариулж, хөгжмийн захиалгыг тань биелүүлнэ. Дэлхийн улс төрийн чухал үйл явдал болон орос-монголын харилцааны хөгжлийн тухай материал түүнчлэн “манай шуудангийн хайрцаг” нэвтрүүлгийг www.ruvr.ru сайтад монгол хэлнээ тавьж байгаад сонсогчиддоо дахин сануулъяа.
<сонсох>