Монгол улсад оросын цахилгаан эрчим хүч ямар үнэтэй байх вэ? Энэ улсын цахилгаан эрчим хүчний гол нийлүүлэгч “Интер РАО ЕЭС” компани цахилгаан эрчим хүч нийлүүлэх урт хугацааны гэрээнд шилжихийг монголын түншүүддээ санал болгосон юм. Оросын энэ компани, мөн Монгол улсын эрчим хүчний компани, Монгол улсын Эрдэс баялаг, эрчим хүчний яамны удирдлага оролцсон Москвад болсон яриа хэлэлцээний үеэр ийм санал дэвшүүлжээ. Оросын санал ямар утга учиртай болох талаар манай тусгай сурвалжлагч Ольга Павлович “Интер РАО ЕЭС” компанийн олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй ажиллах Газрын дарга Тимур Беляеваас тодруулсан юм.  Одоогоор Оросын компани Монголын улсын компанийн хооронд 2012 он хүртлэх гэрээ үйлчилж байгаа гэж Тимур Беляев хэлэв. Цахилгаан эрчим хүч нийлүүлэх үнэ, нөхцлийг жил бүр тодруулдаг. Оросын тал 15 жилийн урт хугацааны гэрээнд шилжихийг монголын түншүүдэд санал болгосон. Гэрээ 2025 он хүртэл үйлчлэх юм. Тооцооны үнийг гурван жилд нэгээс илүүгүй өөрчилнө.
Монголын талд энэ санал ямар ашигтай вэ? 
Нэгдүгээрт Монгол улс төсөв, нийгэм-эдийн засгийн хөгжлөө хэдэн жилийн урд төлөвлөх боломжтой. Ингэснээр импортоор авах цахилгаан эрчим хүчний үнэ хэт өсөх магадлалыг бууруулна. Үүнээс гадна Монгол улс урт хугацааны гэрээг шинэ цахилгаан станц барих зэрэг төслийн санхүүжилтад барьцааны хувьд ашиглах боломжтой. Оросын эрчим хүчний компанид ч ялгаагүй ашигтай байх нь ойлгомжтой гэж Тимур Беляев үзэж байна. “Интер РАО ЕЭС” компани юуны түрүүнд экспортын үйл ажиллагааны үндсэн чиглэлийн нэг төсвийн орлого хэсгийг урт хугацаанд төлөвлөнө. Москвад болсон яриа хэлэлцээний үеэр хоёр орны эрчим хүчний мэргэжилтнүүд Монголын зах зээлийн цахилгаан эрчим хүчний үнийг оновчтой болгох, шөнө, үдэш цахилгаан эрчим хүчний оргил хэрэглээг бууруулахын тулд “Интер РАО” компани Монголын нутаг дэвсгэрт нэмж цахилгаан станц барих тухай асуудлыг судлахыг санал болгож, энэ төсөлд оролцох сонирхолтой байгаагаа илэрхийлсэн юм. Оросын түншүүдийн тавьсан бүх саналыг монголын тал 3-р сарын дунд хүртэл судалж, хариу өгнө. Бид та бүхэнд “Интер РАО ЕЭС”компанийн монголын түншүүдэд тавьсан шинэ саналын тухай өгүүллээ.