Орос улсын олимпийн хорооны ерөнхийлөгч Леонид Тягачев албан тушаалаасаа огцрох өргөдөл гаргасан гэж телевизийн “Вести” агентлаг уламжлав. Ванкуверт болсон олимпийн наадмын үеэр Оросын шигшээ баг амжилтгүй оролцож, багийн нийт дүнгээр урьд орж байгаагүй 11-р байрт оржээ. Оросын тамирчид 3 алт, таван мөнгө, 7 хүрэл медаль хүртсэн байна. Үүний өмнө Туринд болсон олимпийн наадмын үеэр Оросын тамирчид 5 алтан медаль хүртэж багийн нийт дүнгээр 3-р байрт орж байжээ. Ванкуверт болсон олимпийн наадамд Оросын тамирчдын амжилт спорт сонирхогчдыг гонсойлгосон юм. Ерөнхийлөгч Д.Медведев спортын удирдлагыг ширүүн шүүмжилсэн юм. Тэрээр парламентын олонх “Нэгдсэн Орос улс нам”-ын удирдлагатай уулзахдаа, “наадмын бэлтгэл ажлыг хариуцсан хүмүүс албан тушаалаа орхих ёстой” гэж мэдэгдсэн юм. Оросын Сочи хот дөрвөн жилийн дараа өвлийн олимпийн наадмыг зохион байгуулна. Спортын хөдөлгөөний удирдлагыг өөрчилж, дасгалжуулагчийн бүрэлдэхүүнийг шийдвэртэй шинэчилж, спортын авьяастнуудыг хайж, сонгон шалгаруулах, тэднийг дэлхийн ангиллын мастерууд болгон хүмүүжүүлэх системд суурь шинэчлэлт хийхгүй бол оросын шигшээ баг олимпийн наадамд амжилттай оролцох аргагүй.