0Орос улсад агаарын болон пуужингийн довтолгооноос хамгаалах нэгдсэн систем байгуулж байна. Энэ өргөн хүрээтэй зорилтын хүрээнд үйлдвэрийн нэгдсэн корпорацид бүтцийн гүнзгий өөрчлөлт хийж байна. Орос улсын ерөнхий сайд В.Путин “Сухого” Туршлага-зохион бүтээх товчоонд батлан хамгаалах-аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх асуудал эрхэлсэн зөвлөлгөөний үеэр энэ тухай мэдэгдэв. Агаарын болон пуужингийн довтолгооноос хамгаалах нэгдсэн систем байгуулахын тулд “Нисэх онгоц бүтээх нэгдсэн корпораци”, “Алмаз-Антей” корпораци, “Оборонпром”, “Тактикийн пуужингийн зэвсэглэл” зэрэг томоохон холдинг байгуулсан гэж ерөнхий сайд хэллээ. Зэвсэгт хүчин Орос улсын нутаг дэвсгэрийг агаарын дурын довтолгооноос найдвартай хамгаалах шинэ системтэй болох ёстой. С-400 “Триумф” системийн оронд ашиглах шинэ үеийн С-500 пуужингийн цогцолбор нь агаарын болон пуужингийн довтолгооноос хамгаалах нэгдсэн системийн суурь байна. Одоогоор “Триумф” хамгийн сүүлийн үеийн техник хэдий ч, “Алмаз-Антей” концернийн эрдэмтэд хүрсэн амжилтандаа ханасангүй. Одоо боловсруулах шатандаа яваа С-500 цогцолбор 2015 онд бэлэн болно. Ер бусын үзүүлэлттэй энэ систем агаарын дурын байг илрүүлж, аюулын түвшинг тодорхойлж, нэгэн зэрэг 10 хүртэл бай устгах чадалтай. Орос улсын агаар-сансрын орон зайг С-500 цогцолбороос гадна пуужингийн довтолгооныг сэрэмжлүүлэх, сансрын орон зайд хяналт тавих систем хамгаална. Орос улс 2020 онд агаар-сансрын батлан хамгаалах бүрэн системтэй болно гэж шинжээчид үзэж байна. Аж үйлдвэрийн нэгдсэн корпорац энэ зорилтыг биелүүлнэ гэж Оросын шинжлэх ухаан академийн АНУ, Канадын хүрээлэнгийн орлогч захирал Павел Золотарев “Оросын дуу хоолой” радиод өгсөн ярилцлагадаа дурдав. С-300 болон С-400 төрлийн цогцолборын үйлдвэрлэл зогсоогүй, тус нэгдэл хямарлын үед тасралтгүй үйл ажиллагаа явуулсан зэргээр үүнийг тайлбарлаж болно. “Агаарын довтолгооноос хамгаалах системийн мэдээч” сэтгүүлийн ерөнхий редактор Саид Аминов энэ байр суурьтай санал нэг байна. Тав дахь үеийн агаарын болон пуужингийн довтолгооноос хамгаалах нэгдсэн систем байгуулах зорилт нь орчин үед бодитой, эрэлт хэрэгцээтэй гэдэгт шинжээч итгэлтэй байна. Дөрөв дэх үеийн агаарын довтолгооноос хамгаалах орчин үеийн систем нь агаарын болон пуужингийн довтолгооноос хамгаалах боломжийг нэгтгэсэн, мөн хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа тав дахь үеийн системээс ялгаатай юм. Одоогоор үндсэндээ нисэх онгоцны довтолгооноос, мөн стратегийн бус хэмээн нэрлэдэг пуужингийн довтолгооноос зарим талаар хамгаалж байна. Объектыг 2500-аас илүүгүй км зайд тусдаг баллистик пуужингаас хамгаалж байна. Харин шинэ систем ойрын сансарт байгаа байг устгах чадалтай. Өнөө үед агаар төдийгүй сансраас аюул занал нүүрлэж байна. Агаарын болон пуужингийн довтолгооноос хамгаалах нэгдсэн систем байгуулахад хоёр шинэ үйлдвэрлэл явуулна. Эдгээрийг барих шийдвэр хэдийн гаргасан. Тав дахь үеийн бүтээл нь инновацийн бүтээлийн үүднээс үзэхэд өмнөх цогцолбороос эрс ялгаатай байна. Одоохондоо агаарын болон пуужингийн довтолгооноос хамгаалах нэгдсэн системийг боловсруулах шатанд байгаа бөгөөд зэвсэглэлд байгаа цогцолборуудыг нэг мөр болгох зорилт өнөөдөр чухал хэвээр байна.