Орос улсын Сочи хот, олимпын тугаа Канад улсын Ванкувер хотоос хүлээж авлаа. 2010 оны олимпын наадмын хаалтын ажиллагааны үед өвлийн олимпын 22-р наадмын хотын дарга Анатолий Пахоменкод, ОУОХ-ны ерөнхийлөгч Жак Рогге олимпын тугыг гардууллаа. Дараа нь Ванкуверын төв цэнгэлдэх хүрээлэн нэгэн том орос байшин болж хувирлаа. Орос улс Сочи-2014, олимпын наадмын сурталчилгаагаа ийнхүү үзүүллээ. ОХУ-ны сүлд дуу эгшиглэж, «Би-Си-Плейс» цэнгэлдэх хүрээлэнд хүүхдүүдээр хөтлүүлсэн Дагина гарч ирлээ. Энэ дагинын дүрд, Сочи-2014 олимпын наадмын элч, дэлхийд нэрд гарсан загвар өмсөгч, орчин үеийн эрүүл аж төрөх ёсны билиг тэмдэг болсон Наталья Водянова тоглосон бөгөөд түүнийг шидэт саваагаар дохиход цас орж эхэллээ. Өнгө өнгийн гэрлийн солбилцоон дунд удирдаач Валерий Гергиев гарч ирэн техникийн ололт амжилтын гайхамшгийн хүчээр Москвагийн Улаан талбайд байгаа найрал хөгжимчдийг удирдан тоглууллаа. Асар том плазманан дэлгэц дээр, Георгий Свиридовын «Цаг хугацаа минь урагшаа!» хөгжмийн аялгуун дор чарга хөлөлсөн Оросын гурвалсан морьд хурдлаж, Юрий Гагарин сансарт нисэж, 1980 оны Москвагийн Олимпын билиг тэмдэг Бамбарууш агаарт хөөрлөө. Гадаадынхан, түүхийн энэ үйл явдлуудаар «Орос орныг» төсөөлдөг учраас, үүнийг харуулснаараа үзэгчдийг орос уур амьсгалд оруулж чадлаа.
Дараа нь бүхнийг ирээдүйн Сочи-2014-т авч ирлээ. Тэнд далайн эрэг, далдуу мод, өндөр уулсын дэвсгэр дээр олимпын аврага Татьяна Навка, Роман Костомаров нар мөсөн талбар дээр үзүүлэх тоглолтоо бүжиглэлээ. Эдний дараа оросын бүжгэн жүжгийн сургуулийн шилдэг төлөөлөгчид Николай Цискаридзе, Ульяна Лопаткина нар бүжиглэлээ. Тэдний бүжгийн сэдэв нь их онцлогтой байлаа. Тэд тамирчдийг дууриаж хувцаслаж, үүгээрээ урлаг, спорт 2 салшгүй холбоотой гэдгийг харууллаа. Цаг хугацааны хэлхээ холбоог цэнгэлдэх хүрээлэнд орж ирсэн оросын домогт тамирчид харууллаа. Өнгөрсөн үеийн гайхамшгийн биелэл нь болсон, олимпын 3-н удаагийн аврага уран гулгагч Ирина Роднина, хоккейн хаалагч Владислав Третьяк нар гарч ирлээ. Одоо цагыг 2006 оны олимпын аврага, 2002, 2010 онуудын олимпын наадмын хошой мөнгөн медальт уран гулгагч Евгений Плющенко, хоккейчин Александр Овечкин нар төлөөллөө. Оросын спортын ирээдүйг, олимпын тавцан дээр гарч байсан тамирчдын хүүхдүүд, бас өөрийнхөө ирээдүйд итгэлтэй байгаа хүүхдүүд төлөөлөж байлаа. Спортын уламжлал гэдэг бол ирээдүйн ялалтын баталгаа. 4 жилийн дараа Сочид болох Олимпын галыг оросын шинэ, шинэ аврагууд асаана гэдэгт Орос орон найдаж байна. Ирэх дөрвөн жилийн спортын баярын зөвхөн гэрч биш, оролцогчид болохыг хүсэж байгаа хэн бүхнийг Сочи хот хүлээж байна. Хүрэлцэн ирээрэй! Эруул энхийг хүсэн ерөөе!