Дээд зэргийн хурдтай зорчигч тээврийн галт тэрэгний маршрутыг хөгжүүлэх нь Орос улсын төмөр замын салбарын тэргүүн зэргийн чиглэл байна. Ерөнхий сайд В.Путин “Оросын төмөр зам” компанийн хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн талаарх Сочи хотод болсон зөвлөлгөөний үеэр ийнхүү мэдэгдэв. Түүний хэлснээр хурдны галт тэрэгний замыг Москва-Доод Новгород, Санкт-Петербург-Финляндын хил хүртлэх маршрутаар тавих нь чухал байна. “Москва-Санкт-Петербург чиглэлийн маршрут хурдны галт тэрэгний үйлчилгээ ямар их эрэлттэй болохыг харуулсан” хэмээн В.Путин мэдэгдэв. Бусад чухал чиглэл нь Якутск хотыг оросын төмөр замын ерөнхий сүлжээтэй холбох барилгын ажлыг дуусгах явдал байна. “Якут болоод Зүүн Сибирийн нийгэм эдийн засгийн хөгжилд энэ амин чухал судас байна” гэж ерөнхий сайд хэлэв. “Төмөр замын дэд бүтцийг хөгжүүлэхдээ аюулгүй байдлыг хангахад дорвитой хөрөнгө оруулах ёстой болохыг тэрээр онцлон тэмдэглэв. Энэ нь техникийн хяналт, галын аюулгүй байдал, терроризмын эсрэг хамгаалалтыг чанарын шинэ түвшинд гаргах тухай юм” гэж ерөнхий сайд хэлэв. Энэ жил төмөр замын тээврийн аюулгүй байдлыг хангахад 4,5 тэрбум рублийн хөрөнгө оруулахаар төлөвлөжээ.