0Афганистаны өмнөд хэсэгт Талибан хөдөлгөөний эсрэг “Муштарак” цэргийн ажиллагаа үргэлжилж байна. Америк-натогийн цэрэг үүнд гол үүрэг гүйцэтгэж байна. Энэ ажиллагаа эхлэхийн өмнө өрнөдийн олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд Талибан хөдөлгөөний үндсийг таслах тухай дорвитой мэдэгдэл гарч байсан юм. Одоо ажиллагаа эхэлснээс хойш хоёр долоо хоногийн дараа өрнөдөд энэ тухай нэлээд аядуу ярьж байна. “Афганистаны өмнөд хэсэгт Талибан хөдөлгөөний эсрэг ажиллагаа жил хагас гаруй хугацаанд үргэлжилж магадгүй” хэмээн төв командлалын дарга, америкийн генерал Петрэус мэдэгдэв. Өөр нэг сонирхолтой зүйл байна. “НАТО-ийн ухаантнууд” хэмээн нэрлэсэн бүлэг дэлхий даяар айлчлах тэр мөчид “Муштарак” ажиллагаа, мөн хэвлэл мэдээллийн хэрэгслээр дорвитой мэдэгдэл гарах болсон юм. Эвсэл оны эцэст зэвсэглэлд ашиглахаар зэхэж, мөн боловсруулах шатандаа байгаа НАТО-ийн шинэ стратегийг тэд сурталчилж эхэлсэн. НАТО-ийн шинэ стратегийн мөн чанар, Афганистанд болж байгаа үйл явдал үүнд хамаатай юу? Ром хотод НАТО-ийн цэргийн коллежид 1990-ээд оны эхний хагаст лекц тавьж байсан улс төр судлаач Виктор Надеин-Раевскийд бид энэ асуултыг тавилаа. ЗХУ задарсны дараа НАТО-ийн түшмэд шинэ дайсны эрэлд гарсан гэж Виктор Надеин-Раевский ярьж байна. Зөвлөлтийн аюул заналыг няцаах шалтгаанаар НАТО-ийн эвслийг байгуулсан шүү дээ. Харин 1990-ээд онд НАТО-ийн хариуцдаг бүс европоос хальж өргөжих тухай ярьж байгаагүй. Одоо НАТО энэ бүст дэлхийн бүх орныг багтааж, өөрийн үзэмжээр дурын цэгт цэргийн хүч хэрэглэнэ хэмээн мэдэгдэж байна. НАТО-ийн эвсэл аюул заналын жагсаалтаа өргөжүүлжээ. Энэ жагсаалтад алан хядах ажиллагаанаас гадна үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх, бүс нутаг болон үндэстэн, шашин хоорондын мөргөлдөөн, аливаа улс орны тогтворгүй байдал, эрчим хүчний нөөц нийлүүлэхтэй холбоотой хямарал зэрэг багтжээ. Афганистанд 8 гаруй жил үргэлжилж байгаа дайнд НАТО оролцож байна. Афганистан НАТО-ийн хариуцсан бүст орж байгаагүй. Тэгэхлээр дөнгөж хэлэлцэх шатандаа, албан ёсоор батлаагүй НАТО-ийн шинэ стратеги амьдралд, Афганистанд хэдийн хэрэгжжээ гэж хэлэхээр байна. Энэ тийм үү? Энэ асуултанд Афганистан, Энэтхэг, Пакистаны асуудал эрхэлсэн мэргэжилтэн Владимир Сотников хариулж байна. НАТО-ийн хариуцсан бүс өргөжих үйл явц бүр эртнээс эхэлсэн. Эхлээд түүнд зүүн европын орнууд нэгдсэн. Дараа нь Югославт хүчний аргыг туршсан. Дараа нь эвсэл Европоос хальсан. НАТО Ирак дахь америкийн цэргийнхэнд тусалж, афганистаны дайнд шууд оролцох болсон. Тэгэхлээр Европын хилээс гадна НАТО-ийн үйл ажиллагаа явуулдаг бүс суртал ухуулгын шинжтэй байна. НАТО одоо Ойрх Дорнодын хоёр дайнд оролцож байна. Цаашид үйл ажиллагаагаа өргөжүүлэхээр төлөвлөжээ. Умард Атлантын эвслийн гэрээний байгууллагын нэг удирдагч хоёрдугаар сарын эхэнд Катарт ирсэн юм. Тэрээр Персийн булан болон НАТО-ийн орнуудын хооронд хамтран ажиллах тухай яриа хэлэлцээ явуулсан юм. Персийн булан, НАТО-ийн орнууд хаана байна вэ? гэсэн асуулт урган гарч байна. Өрнөдөд байхгүй нефть Персийн булангийн орнуудад бий. Тиймээс эрчим хүчний нөөц олборлох үндсэн нутагт хяналт тогтоох нь эрт дээрээс АНУ-ын стратегийн зорилт болсон болохоор эвслийн зорилт болж байна. Афганистаны дайны туршлагаас үүдээд НАТО-ийн шинэ стратегийн боломжийг хэрхэн үнэлэх вэ? НАТО Афганистан дахь цэргийн кампанит ажилд оролцсоноор төсөөлж байсан үр дүнд хүрээгүй гэж Владимир Сотников энэ асуултанд хариулахдаа тэмдэглэсэн юм. Талибан хөдөлгөөнийг устгаагүй байна. Түгээр ч барахгүй гадаадын цэргийнхний эсрэг тэмцэх тэдний уриаг афганистаны хүн ам улам их дэмжиж байна.