Афганистаны өмнөд хэсгийн Гильменд мужид Талибан хөдөлгөөний эсрэг америк-натогийн “Муштарак” ажиллагаа хоёр гаруй долоо хоног үргэлжилж байна. Маржа хотод халдсан нь энэ ажиллагааны гол үйл явдал юм. Америк-натогийн цэргийн дарга нар энэ ажиллагаа, түүний ирээдүйг сонирхолтой дүгнэжээ. Эвслийн цэрэг 25-30 хоногийн дараа Маржа хотыг эзэлнэ гэж НАТО-ийн цэргийн командлагч генерал Ник Картер цэргийн ажиллагаа эхэлснээс хойш тав хоногийн дараа мэдэгдсэн юм. Үүнээс 2-3 хоногийн дараа Америкийн төв командлалын командлагч генерал Дэвид Петруэс, Маржа хотын орчимд талибан хөдөлгөөний эсрэг цэргийн ажиллагаа 12-18 сар үргэлжилж магадгүй хэмээн мэдэгдсэн юм. Үүнээс нэг хоногийн дараа АНУ-ын Штабуудын дарга нарын хорооны дарга, адмирал Майкл Маллен “Муштарак” ажиллагааг эмх замбараагүй, онц үрэлгэн хэмээн тодорхойллоо. Эвслийн хүчээр Маржа хотоос талибан хөдлөгөөнийхнийг бүрмөсөн хөөн гаргаж чадахгүй байх хэмээн АНУ-ын тэнгисийн явган цэргийн корпусын командлагч генерал Жеймс Конвэй ажиллагаа эхэлснээс хойш хоёр долоо хоногийн дараа мэдэгдсэн юм. Бид шинжээч Андрей Грозинтай утсаар холбогдож, “Муштарак” ажиллагааг хэрхэн дүгнэж байгааг сонирхосон юм. “Моштарак” ажиллагаа асар том пиар-төсөл болох нь анхнаасаа тодорхой байсан. Афганистан дахь эвслийн байдлыг өрнөдийн олон нийтэд бодит байдлаас илүү ашигтайгаар танилцуулахад энэ төсөл чиглэсэн. Тиймээс энэ ажиллагаа суртал ухуулгын хүчтэй кампанит ажил байсан. Телевизээр талибан хөдөлгөөнийхний түшиц газар хэмээн өрнөдийнхөн нэрлэдэг Маржа хотод очиж байгаа хуягт техникийн цувааг харуулсан юм. Талибан хөдөлгөөнийхөн хотын жижиг дэлгүүртэй захад үүрлэж байсан мэдээ байна. Ажиллагаа үргэлжлэх хугацааны талаар америк-натогийн генералуудын зөрүүтэй мэдэгдлийг хялбархан тайлбарлах боломжтой. Энэ болон бусад ажиллагааг тасралтгүй санхүүжүүлж байх үүднээс цэргийн дарга нар энэ үрэлгэн ажиллагааг сунгах сонирхолтой байна.  “Муштарак” ажиллагаанд оролцож байгаа америк-натогийнхан Гильменд мужид боловсорч байгаа намуу цэцгийн ургацад ямар ч анхаарал хандуулахгүй байна гэж Английн “Таймс” сонинд энэ өдрүүдэд бичсэн юм. Тэд мансууруулах бодисын бөөний худалдаачдын ордоны хажуугаар өнгөрч байна. Талибан хөдөлгөөнийхөн мансууруулах бодисын наймаанаас орлого олж байгааг үл харгалзан тэдний зорилт мансууруулах бодисын наймаа бус талибан хөдөлгөөний эсрэг тэмцэх явдал хэмээн ярьж байна. Үүнээс гадна Афганистаны мансууруулах бодисын наймаатай тэмцэх НҮБ-ын мандат тэдэнд байхгүй гэжээ. “Муштарак” ажиллагааны үеэр Талибан хөдөлгөөнийхөнд дэлбэрэх хэрэгсэл, зэвсэг, мансууруулах бодис бэлтгэдэг лабораторийг эзэлсэн тухай английн тус сонин уламжилсан байна. “Таймс” сонины мэдэгдэл үнэхээр тийм бол эвслийн хүчний үйл ажиллагаа ямар утга, учиртай вэ?  Энэ мэдэгдэлд гайхах зүйл алга. НҮБ-ын мандат байхгүй шалтгаар афганистаны мансууруулах бодисын наймаатай тэмцэхээс аман дээрээ биш хэрэг дээр татгалзаж байгаа нь АНУ-ын сүүлийн хэдэн жилийн турш баримталж байгаа стратегийн чиг шугам юм. Талибан хөдөлгөөн болон олон улсын террористууд афганистаны мансууруулах бодисын наймаанаас олсон орлогоор үйл ажиллагаа явуулж байгаа нь хэнд ч нууц биш билээ. Харин үүний эсрэг тэмцэх мандат америк-натогийн цэрэгт байгаа юм. Хэрэв АНУ мансууруулах бодисын наймааг үл ойшоож, талибан хөдөлгөөнийхнийг дарна гэж үзэж байгаа бол юу ч бүтэхгүй. Шинжээч Андрей Грозин ийм байр суурьтай байна.