0Владивосток хотноо тээврийн асуудлаарх Орос-Монголын ажлын хэсгийн хурал боллоо. Хурлын үеэр дамжин өнгөрөх тээврийг хөгжүүлэх, төмөр зам болон тэнгисийн боомтод ачаа тээврийн урсгалыг нэмэгдүүлэхэд онцгой анхаарал хандууллаа. ОХУ-ын Тээврийн яамны орлогч сайд Андрей Недосеков, Монгол улсын Зам тээвэр, барилга хот байгуулалтын дэд сайд А.Гансүх, Приморийн хязгаарын захиргааны төлөөлөгчид хуралд оролцов. Хуралдааны үеэр талууд Улаанбаатар төмөр замыг цаашид хөгжүүлэх, Сибирь дамнасан гол шугамаар тээврийн урсгалыг нэмэгдүүлэхээр тохиролцжээ. Төмөр замаар Оросоос Хятадад Монголын нутгаар нефть, буцах замд нүүрс, нүүрс ус төрөгчийн шингэрүүлсэн хий тээвэрлэдэг. Үүнээс гадна дамжин өнгөрөх тээврийг хөгжүүлэх үүднээс оросын тал 2010 онд Улаанбаатар төмөр замаар ачаа тээвэрлэх тусгай тариф тогтоож байна. Ажлын хэсэг Монголын уул уурхайн бүтээгдэхүүнийг Восточный, Ванино боомтоор, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг тэнгисээр Владивостокийн загасны боомтоор дамжуулан тээвэрлэх нөхцлийг тодорхойлсон юм. Уулзалтын үеэр монголын иргэдийг Орос улсад тэнгисийн боловсрол олгохоор сургах асуудлыг хөндөж, “Улаанбаатар-Улаан-Үд” чиглэлд тогтмол нислэг үйлдэж байгааг тэмдэглэв. Мөн хуралдааны үеэр талууд Орос, Монгол улсад нэмж нисэх буудал нээхээр бараг тохиролцжээ.