Стратегийн болон давшилтын зэвсгийн шинэ гэрээнд батлан хамгаалахын харилцан хамаарлыг харгалзана гэж Москва найдаж байгаа хэмээн Гадаад хэргийн сайд Сергей Лавров мэдэгдэв. Орос, АНУ ерөнхийлөгч нар стратегийн давшилтын зэвсгийн талаар лхагва гаригт утсаар ярисныг тэрээр “Оросын дуу хоолой” радио, Риа Новости агентлаг, “Рашиа тудэй” телевизийн сувагт өгсөн ярилцлагадаа дурдсан юм. Дмитрий Медведев болон Барак Обама нар тохиролцоо бүрэн хүчинтэй хэвээр байгааг баталж, Женевт ажиллаж байгаа төлөөлөгчид энэ тохиролцоог сахин мөрдөх ёстой гэж Сергей Лавров мэдэгдэв. Стратегийн давшилтын зэвсэг болон пуужингийн довтолгооноос хамгаалах системийн харилцан хамаарлыг харгалзах шаардлагатай тухай ярьж байгааг тэрээр тодрууллаа. Шинэ хэлэлцээр эрх тэгш байна хэмээн ерөнхийлөгчид тохиролцсон юм. Хяналтын дурын арга хэмжээ илүүдэхгүй гэж Сергей Лавров тэмдэглэв. Түүний хэлснээр хэлэлцээрийн 95 хувь бэлэн гэнэ. Гэхдээ цэрэг-техникийн их асуудал агуулсан 200 гаруй хуудас протокол байгааг сайд сануулав. Стратегийн давшилтын зэвсгийн өмнөх гэрээний үйлчлэх хугацаа өнгөрсөн оны 12-р сарын 5-нд дууссан юм.