Орос улсын ерөнхий сайд В.Путин Орос улсын цахилгаан эрчим хүчний хүчин чадлын урт хугацааны зах зээлийн ажлын зарчмыг тодорхойлсон тогтоолд гарын үсэг зурав. Тэрээр Саяно-Шушены усан цахилгаан станц оршдог зүүн Сибирийн Хакасид болсон зөвлөлгөөний үеэр энэ тухай мэдэгдэв. Ерөнхий сайд өнгөрсөн жил гарсан ослын дараа сэргээн засварласан зургаа дахь усан агрегатыг ашиглалтад оруулахад оролцсон юм. Аюулгүй байдлыг хангаж, шинэчилж, шинэ объект барихад хөрөнгө оруулж, цахилгаан станцын тоног төхөөрөмжийг шинэчилж, хүчин чадлыг нь дээшлүүлж байгаа эрчим хүчний компаниудад урт хугацаанд зах зээл эзэмших эрх олгоно гэж ерөнхий сайд тэмдэглэв. Атомын цахилгаан станц барихад улсаас 53 тэрбум рубль буюу 1,7 тэрбум гаруй доллар хуваарилна гэж В.Путин мэдэгдэв. Өнгөрсөн оны 8-р сард томоохон осол гарч, 75 хүн амь насаа алдсан Саяно-Шушены усан цахилгаан станцыг засгийн газрын тэргүүн өнөөдөр үзэж харлаа. 2010 оны 1-р сарын байдлаар Орос улсад цахилгаан эрчим хүчний хэрэглээ дахин хямарлын өмнөх түвшинд хүрсэн тухай Орос улсын ерөнхий сайд В.Путин Хакасид болсон цахилгаан эрчим хүчний асуудлаарх зөвлөлгөөний үеэр мэдэгдэв. Хэрэглээ цагт 103 тэрбум киловатт байгаа нь улс оронд аж үйлдвэрлэл сэргэж эхэлсний гэрч хэмээн ерөнхий сайд хэллээ.