Эх орноо хамгаалах, арми, флотод алба хаахыг гэгээн үүрэг хэмээн бид үзэж, энэ хүнд хөдөлмөрийг амьдралынхаа үйлс болгон сонгосон хүмүүсийг манай ард түмэн их хүндэтгэдэг. ОХУ-ын ерөнхийлөгч Д.Медведев өнөөдөр буюу 2-р сарын 23-нд тэмдэглэдэг Эх орноо хамгаалагчдын баярын өмнөхөн Оросын армийн театрт хэлсэн үгэндээ энэ тухай мэдэгдэв.  Олон улсын тогтвортой байдлыг хангах бодит хүчин зүйл болох, дурын түвшний халдлагыг сөрөн зогсох чадалтай, орчин үеийн аюул заналыг таслан зогсоох үр нөлөөтэй арми, флот байгуулах нь манай стратегийн зорилт билээ хэмээн ОХУ-ын ерөнхийлөгч тэмдэглэв. Үүний тулд арми, флотыг хамгийн сүүлийн үеийн шинэ зэвсгээр өвч зэвсэглэх зарчмын зорилтыг шийдэх хэрэгтэй байна гэж Д.Медведев хэллээ. Цэргийн техникийн шинэ, чанартай загвар бүтээхийн тулд бүх нөөц, хүчээ төвлөрүүлэх шаардлагатай. Зэвсэгт хүчний боловсон хүчний бүрэлдэхүүнийг бэхжүүлэх нь тэргүүн зэргийн зорилт хэвээр байна. Орчин үеийн, чанартай боловсрол эзэмшсэн хүмүүс цэргийн үйл эрхэлэх ёстой гэдэгт Д.Медведев итгэлтэй байна. Хамгийн үр нөлөөтэй арга замаар орчин үеийн байлдааны даалгаврыг биелүүлэх хүмүүс бие бялдар, ёс суртахууны хувьд бэлтгэгдсэн байна. Сэтгэл зүйн зохих тэнхээтэй хүмүүс ялдаг жамтай хэмээн ОХУ-ын ерөнхийлөгч мэдэгдэв. Цэргийн албан хаагчдын амьдралыг дээшлүүлж, цэргийн хөдөлмөрийг хөхиүлэн дэмжсэнээр армийг амжилттай шинэчилнэ хэмээн Д.Медведев хэллээ. Манай орны бүх офицерт 2012 оноос шинээр мөнгөн тэтгэлэг олгоно. Байнгын орон сууцаар гачигдаж байгаа цэргийнхэнд энэ жил орон сууц олгоход шаардлагатай бүхнийг хийж байна. Энэ асуудлыг би өөрөө хянана. Цэргийн албан хаагчдыг орон сууцаар хангах асуудлыг 2012 оны эцэст бүрэн шийдэнэ. Энэ баталгаа танай ар гэрийнхний сайн сайхан байдлыг дээшлүүлж, цэргийн албаны нэр хүндийг өсгөнө гэдэгт итгэлтэй байна. Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев ахмад дайчдад байгуулсан гавьяанд талархаж, Аугаа их ялалтын 65 жилийн ойг энэ жил ёслол төгөлдөр тэмдэглэнэ хэмээн сануулсан юм. Аугаа эх орны дайны ялалт бол дэлхийн хэмжээний үйл явдал хэмээн орос улсын төрийн тэргүүн тэмдэглэв. Энэ аугаа их баяраар оросын хүн бүр эцэг өвгөдөө хайрлан, талархасан сэтгэлээр дүүрэн байдаг. Өрх бүрт дайны уршиг нөлөөлснийг Д.Медведев санууллаа. Нэр нь үл мэдэгдэх дайчны хөшөөг засварласны дараа Эх орноо хамгаалагчдын өдөр мөнхийн галыг сэргээв. Эх орноо авран, хамгаалж, амь насаа өргөсөн хүмүүсийн дурсгалыг хүндэтгэхээр хүмүүс энэ хөшөөнд байнга ирж байна гэж ОХУ-ын ерөнхийлөгч Д.Медведев хэллээ.