Оросын уран гулгагч Оксана Доминина болон Максим Шабалин нар Ванкуверт болж байгаа олимпийн наадамд бүжгийн хосын тэмцээнд хүрэл медаль хүртлээ. Уран гулгалтын энэ төрөлд Канадын тамирчин Тесса Виртю болон Скот Мойр нар түрүүлж, америкийн тамирчин Мерил Дэвис болон Чарли Уайт нар хоёрдугаар байрт орсон байна. Заавал бүжиглэх тэмцээнд түрүүлсэн Оросын тамирчид сэдэвчилсэн тэмцээний дараа гуравдугаар байрт орсон юм. Тэд чөлөөт хөтөлбөрөөр нийт 207,64 балл авч, шүүгчдийн үнэлгээгээр гуравдугаар байрт оржээ. Виртю болон Мойр нар 221,57 балл авч, олимпийн наадмаас алтан медаль хүртсэн бол Дэвис, Уайт нар тэмцээний төгсгөлд нийт 215,74 балл авчээ. Мөн тэмцээний эцэст 185,86 баллаар 9-р байрт орсон Оросын өөр хос уран гулгагч Яна Хохлова болон Сергей Новицкий нар чөлөөт бүжгийн тэмцээнд шүүгчдээс хамгийн бага оноо авсан юм. Оросын 3 дахь хос гулгагч Екатерина Боброва, Дмитрий Соловьев нар 163,35 балл авч, 15-р байр эзэлсэн юм. Доминина болон Шабалин нарын “аборигенчүүдийн бүжиг”-ийн улмаас шуугиан дэгдсэн юм. Аборигенчүүдийг гутаан доромжлон харууллаа хэмээн Австралийн уугуул хүн амын төлөөлөгчид хэлэв. “Эртний соёлыг олон улсын хэмжээнд доог тохуу хийсний” төлөө оросын хос тамирчин уучлалт хүсэх ёстой гэж Австралийн аборигенчүүд мэдэгдсэн юм.