Абхазийн бүгд найрамдах улсад оросын цэргийн бааз байгуулах тухай Орос, Абхазийн хэлэлцээрийг НАТО буруушааж, хууль ёсны хэмээн хүлээн зөвшөөрөхгүй байгаа тухай Риа Новости агентлаг Франс Пресс агентлагийн уламжилсныг иш татан лхагва гаригт мэдээлэв. Эвслийн 28 гишүүн орноос ганц нь ч хүлээн зөвшөөрөөгүй бүгд найрамдах улсын ерөнхийлөгч Сергей Багапш Москвад лхагва гаригт айлчлах үеэр гарын үсэг зурсан Орос-Абхазийн хэлэлцээрийн дагуу Орос улсын зэвсэгт хүчин Абхазийн зэвсэгт хүчинтэй хамт тус бүгд найрамдах улсын тусгаар тогтнол, аюулгүй байдлыг хамгаалах, олон улсын террорист бүлгийн эсрэг тэмцэхэд энэ баазыг ашиглана. Хэлэлцээрийн үйлчлэх хугацаа 49 жил бөгөөд үүнийг автоматаар 15 жилээр сунгах боломжтой. “НАТО-ийн орнууд 2008 оны 8-р сарын 8-нд мөргөлдөөн эхлэхээс өмнө байсан тэр хязгаарт цэргээ татах, мөн гүржийн нийт нутаг дэвсгэрт ажиглагчдыг оруулахыг шаардаж байгаа” тухай эвслийн албан ёсны төлөөлөгч Кармен Ромеро мэдэгдэв. Гүржийн цэрэг 2008 оны 8-р сарын 8-ны шөнө Өмнөд Осетид халдаж, нийслэл Цхинвалийн хэсгийг сүйтгэсэн юм. Орос улс тэнд оршин суугаа иргэдээ хамгаалан тус бүгд найрамдах улсад цэргээ оруулж, тав хоног байлдааны ажиллагаа явуулсны эцэст тус бүс нутгаас гүржийн цэргийг гаргасан байна. Орос улс 2008 оны 8-р сарын 26-нд Өмнөд Осет, Абхазийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн юм. Москва, Сухуми 2009 оны 4-р сард Абхазийн улсын хилийг хамгаалах хамтарсан хүч чармайлтын талаар хэлэлцээр байгуулсан байна. Оросын хилчид улсын 350 гаруй км хилийг хамгаалсан юм.