Стратегийн зэвсгийг хорогдуулах тухай шинэ хэлэлцээрийн асуудлаарх АНУ, Орос улсын хооронд болж байгаа яриа хэлэлцээ “шувтарч” байна. Олон улсын аюулгүй байдал болон зэвсэглэлд хяналт тавих асуудал эрхэлсэн АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Эллен Тошерийн ийнхүү мэдэгдсэнийг Итар-Тасс агентлаг лхагва гаригт иш татан мэдээлэв. Тэрээр Виржиня муж улсын Александрия хотод болж байгаа зэвсэг хураах асуудлаарх бага хуралд хэлсэн үгэндээ зарим “зарчим болон элементийг” тохиролцох үлдсэн хэмээн мэдэгдсэн юм. “СДЗ-1 гэрээний оронд батлах учиртай хэлэлцээрийн яриа хэлэлцээ шувтарч байна” гэж Тошер хэллээ. Яриа хэлэлцээнд оролцож байгаа багууд шургуу ажиллаж байгаа гэдэгт бид итгэлтэй байна” гэж тэрээр хэллээ. Орос улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Сергей Кисляк түүний дараа индэрээс хэлсэн үгэндээ, Төрийн нарийн бичгийн даргын орлогчийн яриа хэлэлцээний үйл явцыг тодорхойлсон үг бүртэй бараг санал нэг байна. “Яриа хэлэлцээ дуусах дөхөх тусам жижиг зүйл ч илүү их ач холбогдолтой болж байна” гэж тэрээр тэмдэглэв. АНУ болон Орос улсын хооронд стратегийн давшилтын зэвсгийн талаар байгуулсан гэрээний үйлчлэх хугацаа өнгөрсөн оны 12-р сарын 5-нд дууссан. Энэ хугацаанд талууд шинэ хэлэлцээрийг бэлтгэж амжаагүй юм. Гэрээнд гуравдугаар сард гарын үсэг зурж магадгүй тухай ерөнхийлөгчийн туслах Сергей Приходько хоёрдугаар сарын эхэнд сэтгүүлчдэд мэдэгдсэн билээ.