Хятадын удирдагч Мао Зэдун 60 жилийн тэртээ 1950 оны 2-р сарын 17-нд зөвлөлтийн нийслэлд хоёр сар айлчлаад, Москвагаас явсан юм. Мао Зэдун ЗХУ-д анх айлчилж, яриа хэлэлцээний үеэр Сталинтай хэлэлцсэн асуудлын нэг нь Монголын тухай байсан юм. “Оросын дуу хоолой” радиогийн тоймч Игорь Денисов өөрийн материалдаа түүхийн энэ сонирхолтой хуудсыг сөхөж байна.  Яриа хэлэлцээний гол үр дүн 1950 оны 2-р сарын 14-нд зөвлөлт-хятадын найрамдал, холбоо, харилцан тусламж үзүүлэх тухай гэрээ байгуулсан явдал юм. Сталин болон зөвлөлтийн бусад удирдлагатай уулзахдаа хятадын тал Азийн улс төрийн байдлыг өнө удаан тодорхойлсон бусад асуудлыг хэлэлцэж, шийдсэн юм. Эдгээрийн дотор монголын асуудал байлаа. ЗХУ, АНУ, Их Британи улсын тэргүүн нарын Ялтын бага хурлын үеэр баталсан шийдвэрийн дагуу гурван том гүрэн Монгол улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн юм. Ийнхүү хүлээн зөвшөөрөхөд бэрхшээл, саадтай тулгарч байсан. 1945 оны 2-р сард Ялтад болсон уулзалтаар “Гадаад Монголын (Бүгд найрамдах Монгол Ард улс) статус-кво хадгалах ёстой” гэсэн тохиролцоонд хүрсэн юм. Гоминьданы Хятад үүнийг зөвлөлт-хятадын 1924 оны хэлэлцээрийн зүлийг хадгалах гэж өөрийнхөөрөө дүгнэсэн юм. Энэ баримт бичигт Гадаад Монголыг Хятадын автономит хэсэг хэмээн заасан байдаг. Ялтын хэлэлцээрийг өөрөөр тайлбарлах учиртай гэж ЗХУ зарласан юм. “Бүгд найрамдах Монгол ард улс” гэсэн эхэд байгаа үг нь ЗХУ-ын үзэж байгаагаар Монгол улсын тусгаар тогтнолыг гарцаагүй хүлээн зөвшөөрсөн явдал юм. 1945 оны 8-р сард Москва, Гоминьданы Хятадын яриа хэлэлцээний үеэр Монголын статусын тухай асуудлыг мөн хэлэлцсэн билээ. 1945 онд Зөвлөлт-хятадын гэрээ байгуулах гол нөхцлийн нэг нь хэрэв ард түмний олонх нь нааштай байр суурьтай байвал тухайн үед үйлчилж байсан улсын хилийн хүрээнд Гадаад Монголын тусгаар тогтнолыг Хятад улсаар хүлээн зөвшөөрүүлэх явдал байлаа. 1945 оны 10-р сарын 20-нд болсон санал хураалтад монголын иргэдийн 94,4 хувь нь улс орноо тусгаар тогтносон улсаар тунхаглахын төлөө санал өгчээ. Үүний дараа Монгол улсын тусгаар тогтносон монгол улсын статусыг Бүгд найрамдах Хятад улс 1946 оны 1-р сарын 6-нд хүлээн зөвшөөрсөн юм. Шинэ Хятад улс байгуулагдсаны дараа Бүгд найрамдах Монгол ард улсын статусыг баталгаажуулсан байна. БНХАУ болон БНМАУ 1949 оны 10-р сарын 6-нд бие биенийхээ тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн юм. Гэсэн ч Мао Зэдунь Москвад ирэхдээ, Өвөр болон Гадаад Моннголыг нэгтгэх санаагаа дахин дэвшүүлсэн байна. Оросын шинжлэх ухаан академийн Дорно Дахины хүрээлэнгийн орлогч захирал, профессор Сергей Лузянины тайлбарыг хүргэе.  Монголын асуудлаарх яриа хэлэлцээ их хүнд болсон гэж Сергей Лузянин тэмдэглэв. Учир нь хятадын төлөөлөгчид Гадаад Монголын статусыг эргэн харж, Өвөр Монголтой нэгтгэх боломжийг хэлэлцэхийг оролдож байсан. Харин энэ тухайд Москвагийн байр суурь хатуу, тууштай байсан гэж шинжээч үргэлжлүүлэн ярив. Ялтын тохиролцоо, санал хураалт болсон, тэгээд Гоминьданы засгийн газар 1946 онд БНМАУ-ын статусыг хүлээн зөвшөөрсөн шүү дээ. Тиймээс Сталин энэ шийдвэрийг хянар буюу Монголын талаарх зөвлөлтийн байр суурийг эргэн хараагүй гэж профессор Сергей Лузянин тэмдэглэсэн юм. Москва хатуу, тууштай байр суурьтай байсны дүнд Монгол улсын тусгаар тогтнол болон бие даасан дипломат найдвартай дэмжлэгийг хангасан юм.