Эрхэм сонсогчид оо, та бүхний дуртай дуучин гэнэтийн бэлэг барина. Москва хотод оршин суугаа Монгол улсын гавьяат жүжигчин, Оросын “Ардын жүжигчин” уралдааны ялагч, оросын “Премьер-министр” хамтлагийн гоцлол дуучин Борхүүгийн Амаархүүг та бүхэнд тусгайлан танилцуулах нь илүүц биз ээ. Тэрээр Орос орон даяар айлчлан тоглохоор их хөдөлмөрлөж байна. Мөн дууныхаа цомгийг бичүүлж байгаа тул амрах ч завгүй байна. Ажлын шахуу хөтөлбөрөө үл харгалзан Б.Амархүү цагаан сарын баярын өмнөхөн манай сурвалжлагч Ольга Ивановад ярилцлага өгөхийг уриалгахан зөвшөөрсөн юм. “Оросын дуу хоолой” радиогийн монгол сонсогч, нутаг нэгтдүүдтэйгээ радио долгионоор уулзах боломжоос яахин татгалзаж чадах билээ? гэж Борхүү хэллээ.
Амархүү, сар шинээ хэрхэн угтах гэж байна вэ?
Энэ сайхан баяраа аав ээж, өвөө эмээтэйгээ Улаанбаатарт тэмдэглээхээр ярьсан байсан. Харамсалтай нь санаснаар болсонгүй. Одоо 2-р сарын 19-нд Эрхүү хотод болох концертод бэлтгэж байна. Эртнээс мөрөөдсөн концертоо тоглож, баяраа ч тэмдэглэнэ. Шинэ дуугаараа эрхүү хотынхны сонорыг мялаахыг их хүсч байна. Москва хотод ажиллаж, сурч байгаа монгол анд нөхөдтэйгээ шинэ оноо угтана. Буузаа идээд… монгол дуу дуулж, “Москва орчмын үдэш” дууг заавал ч үгүй дуулна.
Эрхүү хот танд их дотно санагддаг уу? 
Мэдээж хэрэг. Эрхүү хотыг би төрлөх хотоо гэж үздэг. Миний амьдралын олон зүйл энэ хоттой холбоотой. Миний олон найз нөхөд тэнд бий. Нэг нууц дэлгэе. Эрхүү хотод миний хайртай бүсгүй очино. Одоохондоо нэрийг нь хэлээд яах вэ. Дараа нь тодорхой болно биз ээ. Бид дотносоод хоёр жил болж байна. Тэр бүжигчин. Нэрд гарсан олон уран бүтээлчидтэй нэг тайзан дээр бүжиглэж байсан. Одоо бид хамтдаа ажиллаж байна. Би дулаад тэр маань бүжиглэдэг. Миний бүх номерийг тэр сэддэг. Бүх оросын айлчлан тоглолтоо Эрхүү хотоос эхэлнэ. Эрхүүд очсоны дараа миний өссөн, эцэг эх маань аж төрж байгаа Буриадад очино.
Одоо хамгийн гол зүйлийн тухай ярьяа. Та шүтэн бишрэгчиддээ багагүй бэлэг бэлдэж байгаа байх. Та ганцаарчилсан цомгоо бичүүлж байгаа. Энэ талаар манай сонсогчдод ярихгүй юу? 
Шинэ цомогт дан монгол дуу багтсан. Монгол бол миний эх орон. Ганцаарчилсан бүтээл туурвихыг эртнээс мөрөөдөж байсан. Эх орондоо концерт тоглоход яагаад монголоор дуулахгүй байгаа юм бэ? хэмээн нутаг нэгтнүүд маань асууж байсан. Ухаан орсон цагаас Орос улсад өссөн тул монголоор алдаатай уншиж, бичдэг болохоо тэдэнд тайлбарласан. Гэхдээ үр хэдийн цацсан. Эх хэлээрээ дуулсан цомог бичүүлэх саналаас татгалзаж чадаагүй. Дууны цомог удахгүй бэлэн болно. “Гэгээн хайр” нэртэй анхны монгол дуугаа UBS телевизийн ерөнхий захирал, миний анд ноён Балхжавын хамт жилийн өмнө бичсэн. Энэ дуугаа “Оросын дуу хоолой” радиогоор дамжуулан та бүхэндээ хүргэе.  Манай нэвтрүүлэгт “Премьер-министр” хамтлагийн гоцлол дуучин, Монгол улсын гавьяат жүжигчин Б. Амархүү оролцлоо.
<сонсох>