Чаргын спортын олон улсын холбоо Гүржийн чаргачин Нодара Кумариташвилийн үхэл Уистрлер дахь олимпийн замын эвдрэлтэй холбоотой гэх баримт олсонгүй. Тэрээр жолоодож чадаагүйгээс амь насаа алдасныг эмгэнэлт хэргийн мөрдөн шалгалтаар тогтоосон тухай 2010 оны наадмын албан ёсны вэб хуудаст мэдээлжээ. Энэ дүгнэлтэд түшиглээд Олон улсын чаргын спортын холбоо тэмцээний замыг хаахгүй байхаар шийдсэн байна. Өнөөдөр энэ замд хоёр удаа бэлтгэл хийх бөгөөд орой эрэгтэйчүүдийн шувтаргын тэмцээн болно. Кумариташвили Ванкувер хотод олимпийн наадам албан ёсоор эхлэхийн өмнө баасан гаригт бэлтгэлийн үеэр осолджээ. Тэрээр бэлтгэлийн үеэр цагт 140 км хурдлахдаа ховилоос нисч, металл хязгаарлагч мөргөжээ. Хүнд гэмтсэн тул түүний амийг аварч чадаагүй байна. 21 настай тамирчин эмнэлэгт амьсгал хураажээ.