0Ванкувер хотод 2010 оны өвлийн олимпийн наадам эхэллээ. “Би Си Плэйс” цэнгэлдэх хүрээлэнг дүүргэсэн 60 мянган хүн, мөн 3 тэрбум гаруй телевиз үзэгч Олимпийн бамбар асаах, 82 орны тамирчдын жагсаал, лазер гэрлийн шоу зэрэг наадмын өнгө хосолсон нээлтийг сонирхолоо. Харамсалтай нь зохион байгуулагчдын төсөөлж байснаас эсрэгээр эмгэнэлт үйл явдлаар наадам эхэллээ. Гүржийн чаргачин 21 настай тамирчин бэлтгэлийн үеэр амь насаа алджээ. “Оросын дуу хоолой” радиогийн тусгай сурвалжлагч Андрей Балахин Ванкуверээс дамжуулж байна. Мэдээж хэрэг олимпийн наадамд оролцогчид өнөөдөр нэлээд дүнсгэр байна. Наадмын нээлтийн ажиллагааны үеэр нас нөгчсөн тамирчны дурсгалыг номхон зогсож хүндэтгэв. Харамсалтай нь заримдаа ийм зүйл тохиодог. Олимпийн наадмын үеэр эхний бөгөөд сүүлчийн удаа ийм зүйл тохиосон гэж найдая.


0Гэхдээ амьдрал үргэлжилж, Ванкуверт олимпийн бамбар аслаа. Домогт хоккейчин Уейн Грецки тэргүүтэй канадын гарамгай таван тамирчин олимпийн бамбарыг асаав. Канадын үзэгчид Оросын шигшээ баг тамирчдыг элэгсэг дотно хүлээж авлаа. Хоккейн шигшээ багийн ахлагч Алексей Морозов цэнгэлдэх хүрээлэнд шигшээ баг тамирчдаа манлайлан гарч ирэв. Догдолж байгаа нь илт мэдэгдэвч, тэрээр төрийнхөө далбааг сайхан авч явлаа. Нээлтийг телевизээр шууд дамжуулах ажил хариуцсан хүмүүс цэнгэлдэх хүрээлэнд оросын тамирчид орж ирсэн хэсгийг АНУ, Канадын тамирчдыг бодвол тааруухан харууллаа.  Канадын телевиз манай олимпийн баг тамирчид орж ирж байгаа хэсгийг нэлээд хассанд бага зэрэг гомдолтой л байв. Оролцогчдын тоогоор Америк, Канадын дараа гуравдугаар байрт орж байгаа оросын баг тамирчид явж өнгөрөхийг тэд хүлээж болох л байсан. Реклам явуулалгүй 10 секунд хүлээж болох шүү дээ. Гэхдээ манай баг тамирчид цэнгэлдэх хүрээлэнд орж ирэхэд үзэгчид элэгсэг дотно хүлээж авсныг дахин тэмдэглэе. Учир нь канадчүүд манай баг тамирчдыг мэддэг бас хүндэлдэг юм. Ялангуяа манай хоккейчдыг тэд сайн мэдэнэ. Дэлгүүр, албан байр зэрэг хаа явсан газар, мөн канадын энгийн хүмүүстэй ярьж хөөрөхөд, Орос-Канадын шувтаргын тоглолтыг хүлээж байна гэцгээж байлаа.  Ванкуверт болж байгаа Олимпийн наадамд 177 тамирчин Орос улсыг төлөөлж байна. Тэд спортын 15 төрөлд медалийн төлөө өрсөлдөнө. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар оросын тамирчид 30-50 медаль хүртэхээс 10 нь алтан медаль байна. Дөрвөн жилийн өмнө Туринд болсон олимпийн наадмын үеэр Оросын шигшээ баг албан бус багийн дүнгээр 4-р байрт орсон юм.