Москва, Киевийн харилцаа нөхөрсөг, амьдралд ойрхон байх ёстой гэж Украинд болсон ерөнхийлөгчийн сонгуульд ялсан Виктор Янукович үзэж байна. Хоёр орны харилцааг түүхэн хэлбэрт буцааж оруулна хэмээн тэрээр оросын телевизийн сувагт өгсөн ярилцлагадаа амласан юм. Тус бүгд найрамдах улсад оршин суугаа орос хэлтэй хүн амын эрхийг зөрчиж болохгүй гэж Янукович мэдэгдэв. Хүч хэрэглэсэн, украин маягийн бодлого явуулж болохгүйг сүүлийн таван жилийн түүх харуулсан гэж тэрээр тэмдэглэв. Севастополь дахь оросын цэрэг-тэнгисийн баазын ирээдүйн тухайд Хар далайн флот 2017 оны дараа ч тэнд байхыг Янукович үгүйсгэсэнгүй. Украин НАТО-д элсэх ирээдүйн тухайд энэ өнөөдөр хэлэлцэх асуудал биш гэж тэрээр хэлэв. Украин улс Европт хамтын аюулгүй байдлын систем байгуулах сонирхолтой бөгөөд Орос улсын ерөнхийлөгч Д.Медведевийн холбогдох санаачилгыг дэмжихэд бэлэн гэж Янукович мэдэгдэв. Сонгуульд ерөнхий сайд Юлия Тимошенкогоос сая орчим илүү санал авсан Бүс нутгийн намын удирдагчийн ялалтыг Украины Сонгуулийн төв комисс 1-р сарын 17-нд албан ёсоор зарлах ёстой.