Ерөнхийлөгч Д.Медведев АНУ дахь “Силиконы хөндий”-тэй ижил төстэй инновацийн судалгаа, бүтээлийн төвийг Орос улсад байгуулах зарлигт гарын үсэг зурлаа. Тэрээр Дорно Сибирийн Томск хотод эдийн засгийн шинэчлэл, технологийн хөгжлийн асуудал эрхэлсэн комиссийн хуралд хэлсэн үгэндээ, Төвийг Орос улсын эдийн засгийн шинэ бодлогын “туршилтын талбар”, “ирээдүйн хотын дүр төрх” хэмээн нэрлэлээ. Орос улс түүхий эдийн экспортоос хамааралтай гутамшигт байдлыг эцэслэж, эрдэм шинжилгээ-аж үйлдвэрийн боломжийг шинэчлэх цаг болсон гэж Д.Медведев үзэж байна. “Зөвлөлтийн үеийн эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн сүүлчийн дуслыг шахахаа болих цаг” болсон. “Инновацийн бүрэлдэхүүний агуулгыг ихэсгэж” хөрөнгө оруулалтын хөтөлбөр, дэвшилтэд технологийн бүтээл шаардлагатай байна гэж төрийн тэргүүн хэллээ. Д.Медведев пүрэв гаригийн орой нүүрсний давхаргаас метан олборлох технологи боловсруулж, ашигласан Сибирийн Кемерово мужид ирсэн юм. “Дэлхийн хэмжээнд эрчим хүчний нөөц өсөн нэмэгдэж байгаа өнөөгийн нөхцөлд бид уурхайчдын дайсан метаныг үр ашигтай бизнес болгон хувиргаж байна” гэж Кемерово мужийн дарга Аман Тулеев ерөнхийлөгчтэй уулзахдаа мэдэгдсэн юм. Нүүрсний давхаргаас метан олборлосон анхны олзворыг баасан гаригт Кемеровод нээнэ