Оросын нэрд гарсан дуурийн дуучин Ирина Архипова 2-р сарын 11-нд Москва хотод нас нөгчив. Түүний их авъяасыг шүтэн бишрэгчид саяхан дуучны 85 насны ойгоор баяр хүргэж, ойг нь жилийн турш тэмдэглэхээр төлөвлөсөн юм. Италийн нэрд гарсан цээл хоолойтой дуучин Марио дель Монако түүнийг “дэлхийн шилдэг цөлдөн хоолойтой дуучин” хэмээн нэрлэсэн, 20-р зууны дуурийн гаргамгай дуучны дурсгалд энэ арга хэмжээг зохиох бололтой. Ирина Архипова хагас зуу гаруй жил тайзнаа дуулжээ. Ийн олон жил дуулсан нь дээд амжилтын Гиннесийн номонд бүртгэвэл зохино. Оросын дуурийн урлагийг 20-р зууны хоёрдугаар хагаст “Архиповын эрин” хэмээн нэг бус удаа нэрлэж байсан. Москвагийн Их театрын тайзнаа дуучин цөлдөн хоолойн бараг бүх дууг амилуулж, дэлхийн нэрд гарсан театрт өөрийн үеийн гялалзсан ододтой хамт дуулж байлаа. Ирина Архипова Орос улс болон гадаадад аваагүй нэр хүндтэй шагнал, цол гэж байхгүй. Тэрээр бүр “урлагийн бурхан” цол хүртэж байлаа. Кембрижийн намтарын төв түүнийг “зууны хүн” хэмээн нэрлэсэн юм. Ирина Архиповын нэрийг зах хязгааргүй сансарт мөнхөлжээ. Түүний нэрээр жижиг гаригийн нэгийг нэрлэсэн байна. Анх эзэмшсэн мэргэжил нь архитекторч Ирина Архипова урлагийн бүтээлдээ хөг, хэмнэл болон нарийн ялгааг гайхалтай хослуулдаг байв. Түүний дуулах авъяас оросын сонгодог бүтээлд тод илэрдэг. Дуурийн дуу төдийгүй цөөхүүл хөгжимд оросын сонгодог романс дуулахад түүнтэй энэ зэрэгцэх хүн байгаагүй. Ирина Архиповын урлагийн бас нэг гайхалтай давуу тал нь “цаг хугацааг холбогч утсыг” татсан явдал хэмээн оросын нэрд гарсан урлаг судлаач Святослав Бэлза ярьж байна.  Өнгөрсөн зуунд Оросын хөгжмийн алдар цууг улам өргөж, ирж буй зуунд үүнийг үргэлжлүүлэхэд их зүйл хийсэн хүмүүсийн нэг Ирина Архипова хэмээн Святослав Бэлза ярьж байна. Ийм зэрэглэлийн уран бүтээлч хүмүүст баяр баясгалан хүргэх гол санаа өвөрлөдөг. Өөрийн гайхалтай хоолойгоор, мөн ашиг тустай олон үйлсээр хүмүүст баяр жаргал хүргэхийг эрмэлздэг. Елена Образцова, Владимир Чернов, Людмила Шемчук, Виктория Лукьянец, Дмитрий Хворостовский, Анна Нетребко зэрэг дууны урлагийн одод Ирина Архиповын дэмжлэгээр дэлхийн тайзнаа гарсан юм. Тэрээр энэ зорилгоор тусгай сан хүртэл байгуулсан юм. Глинкийн нэрэмжит дуулаачдын олон улсын уралдааны шүүгчдийн бүрэлдэхүүний халаагүй даргалсан тэрбээр авьяастай дуучдыг сонгож, авъяасыг нь хөгжүүлэхэд тус болж байсан юм. Тэрээр бараг хэвлийд байгаа авьяасыг хүртэл таньж, үүнийг хөгжүүлэхэд ухаалаг зөвлөлгөө өгдөг байв. Ирина Архиповын гайхалтай хоолой 80 насандаа ч, Страдиварийн хийлийн эгшиг мэт байлаа.