Буриадын ерөнхийлөгч Вячеслав Наговицын Монголын төлөөлөгчидтэй хамтран Дэлхийн монгол туургатны чуулганд бэлтгэх зохион байгуулах хорооны хурал хийлээ. Гадаад хэргийн төрийн нарийн бичгийн дарга Д.Цогтбаатар монголын төлөөлөгчдийг тэргүүлж байна. 2010 оны 7-р сарын 14-18-нд болох энэ арга хэмжээний хүрээнд бага хурал, бизнес уулзалт, спорт, соёлын арга хэмжээ зэргийг зохион байгуулахаар шийджээ. “Эдийн засаг”, “шинжлэх ухаан”, “соёл”, “спорт” зэрэг чиглэл тус бүрийг Буриадын засгийн газрын гишүүд болон монголын талын төлөөлөгчид хариуцана. Мөн энэ чухал арга хэмжээг мэдээллээр дэмжих хэвлэл мэдээллийн бүлэг, эмнэлгийн тусламж, аюулгүй байдал, тээвэр зэргийг хариуцах тусгай бүлэг байгуулна. Монголын “Наадам” үндэсний баярын илгээлтийг Буриадын үндэсний баяр “Алтаргана”-д хүргэх, мөн илгээлтийг хариу хүргэх Улаанбаатар-Улаан-Үд морин уралдаан зохион байгуулах санааг тусад нь хэлэлцлээ.