Орос улсын ерөнхий сайд В.Путин лхагва гаригт Финляндад ажлын айлчлал хийж, “2010 он- Балтын тэнгисийн үйл ажиллагааны асуудлаарх дээд хэмжээний уулзалтад” оролцоно. Уулзалтаар дэлхийд хамгийн их бохирдсон тэнгисийн нэг Балтын тэнгисийн экологийг эрүүлжүүлэх асуудлыг хэлэлцэнэ. Орос улсын засгийн газрын хэвлэлийн албаны мэдээлснээр, В.Путин Балтын тэнгисийн ер бусын экосистемийг хадгалах талаар Орос улсын авсан арга хэмжээ тухайлбал “Хойд урсгал” хийн хоолойн барилгын ажлын экологийн асуудлыг дээд хэмжээний уулзалтын үеэр танилцуулна. Өнөөгийн байдлаар мэдлийнх нь усанд хийн хоолой тавих Дани, Швед, Финлянд, Орос, Герман зэрэг улс энэ төслийг хэрэгжүүлэхийг зөвшөөрчээ. Финляндаас хоёр дахь зөвшөөрөл авах л үлдсэн байна. Хойд урсгал 1200 км гаруй урттай хийн хоолойг Оросын Выборг хотоос Балтын тэнгисийн ёроолоор Германы Грайфсвальд хот хүртэл тавихаар төлөвлөж байна. Хийн хоолойн эхний мөчрийг 2010 оны 4-р сарын 1-ээс, дараагийн мөчрийг хавраас Орос болон Гермны талаас барьж эхэлнэ. Жилд 27,5 тэрбум шоо метр хий дамжуулах хүчин чадалтай хоолойн эхний мөчрийг 2011 оны 9-р сард ашиглалтад оруулна. Хойд урсгал хоолойгоор хий нийлүүлэх урт хугацааны гэрээг Герман, Дани, Нидерланд, Бельги, Франц, Их Британи зэрэг улстай байгуулсан. Хельсинкт болж байгаа дээд хэмжээний уулзалтад бүс нутгийн 400 гаруй төлөөлөгч оролцоно.