0 Еврокомиссийн 2004 оны шийдвэрээр өнөөдөр Аюулгүй интернетийн олон улсын өдрийг тэмдэглэж байна. Энэ өдөр дэлхийн хүүхэд, залуучууд үүрэн телефон утас, онлайн-технологийг илүү аюулгүй, хариуцлагатай ашиглах үйл хэргийг хөхиүлэн дэмжихэд чиглэж байна. Энэ жил аюулгүй интернетийн өдрийг “Нийтлэхийн өмнө бодож эргэцүүл” уриагаар тэмдэглэж байна. Ямар нэг мэдээлэл гар утсаар илгээж, интернетэд байрлуулахын өмнө бодож, эргэцүүлэхийг хэрэглэгчдэд уриалж байна. Өнөөдөр дэлхийд интернет идэвхтэй ашигладаг тэрбум орчим хүн байна. Интернет “сурамгай” ашигладаг, хамгийн эмзэг хэсэг нь хүүхдүүд юм. Сүүлийн үеийн судалгаагаар өсвөр насныхан интернет ашиглахад аюулгүй биш болохыг хүлээн зөвшөөрчээ. Хувийн мэдээлэлд нэвтрэх нь хамгийн түгээмэл аюул занал хэмээн өсвөр насныхны тал хувь нь хүлээн зөвшөөрсөн байна. Хүүхдүүд хожмын үр дагаврыг бодолгүй өөрийнхөө тухай мэдээллийг интернетэд байрлуулдаг. Нэг талаас шинэ технологи өөрийгөө илэрхийлэх, уран бүтээл туурвихад шинэ боломж нээж, нөгөө талаас тавгүй, хүнд байдалд оруулах буюу хор уршигтай ч байж болно гэж “Нөхөрсөг рунет” сангийн төлөөлөгч Евгений Беспалов ярьж байна. Өөрийнхөө тухай магадгүй янаг амрагийн харилцааны тухай материал байрлуулахын өмнө энэ алхамын үр дагаврыг нэг эргэцүүлээрэй. Өнөөдөр та 15 настай, маргааш 18-25 нас хүрч, дорвитой компанид ажилд орох болно. Өнөөдөр интернетэд байрлуулж байгаа мэдээллийн агуулгыг маргааш танай хамт ажилладаг хүмүүс, ажил олгогч тань хэрхэн хүлээж авах тухай та өнөөдөр бодоорой. Хор уршигтай агуулгатай мэдээллийн эсрэг тэмцэх, интернетийн аюулгүй байдлыг дээшлүүлэхэд чиглэсэн дэлхийг хамарсан хөтөлбөрийн нэг хэсэг нь Аюулгүй Интернетийн өдрийг тэмдэглэх явдал юм. Орос улс зэрэг олон оронд аюултай вэб хуудсын талаар мэдээлж болох “шууд холбоо барих” аюулгүй интернетийн тусгай төв ажилладаг. Оросын аюулгүй нитернетийн төвийн мэдээлснээр “шууд холбоо” барих утсаар ирсэн мэдээллийн дагуу үр дагаврыг нь дүн шинжилгээгээр баталж, аюултай эх үүсвэрийн 90 хүртэл хувийг хаажээ. Сүүлийн жил хагасын хугацаанд ийм байдлаар 4 мянга орчим эх үүсвэрийг хаасан байна.  Хор уршигтай вэб хуудсыг үр ашигтай вэб хуудсаар солих дараагийн алхам байна. Тухайлбал цахим ном. Орос улсын хүүхдийн номын сангийн ажилтнууд ийм санаачилга гаргажээ. Ийм эх үүсвэр амин чухал хэмээн тэд итгэлтэй байна. Тэгвэл дурын хүүхэд оршин суугаа газраас үл хамааран дурын ховор ном унших боломжтой болно. Орос улс хүүхдийг интернетийн аюул заналаас хууль эрхийн хүрээнд хамгаалахад бэлэн байна. Тухайлбал Улсын Думд хүүхдийн эрүүл мэнд, ёс суртахуун, шашны хөгжилд заналхийлж байгаа мэдээллээс хүүхдийг хамгаалах тухай хуулийг бэлтгэж байна.