Иран даваа гаригт, ураныг 5%-иас, 20% хүртэл баяжуулах ажлыг эхлэх тухай МАГАТЭ-д мэдэгдээд, мягмар гаригт баяжуулсан түлш үйлдвэрлэх ажилдаа орлоо. Ираны атомын энергийн байгууллагын удирдагч Али Акбар Салехийн мэдэгдлээс иш татан мэдээлэлийн агентлагууд энэ тухай мэдээллээ. Тегеранд лазерын технологийн үзэсгэлэнг нээх ёслол дээр үг хэлэхдээ Ираны ерөнхийлөгч Махмуд Ахмаднежад зохих заалт өгсөн гэж мэдэгдлээ. Ираны тэргүүний энэ мэдэгдэл дэлхийн хамтын нийгэмлэгийг гайхшрууллаа. Учир нь өнгөрсөн долоо хоногийн эхээр тэр, шинжилгээний реакторт хангалттай хэмжээний ялимгүй баяжуулсан ураныг гадаадад гаргаж 20% хүртэл баяжуулсан уранаар солиход бэлэн байна гэж мэдэгдэж байсан билээ. Харамсалтай нь хэдхэн өдрийн дараа Ираны тэргүүн шал өөр шийдвэр гаргалаа. Барууны орнуудын шийдвэр тэр дороо л гарлаа. Исламын БН улсын эсрэг шинэ хориг арга хэмжээ авах хэрэгтэй гэж Пентагоны тэргүүн Роберт Гейтс мэдэгдлээ. Энэ удаа АНУ-ын санал НҮБ-ийн АЗ-д санал хураахад тавих хоригийг тойрч гарах бололтой. Баасан гаригт Орос улсын ГХЯ-ны сайд Сергей Лавров, Берлинд мэдэгдэхдээ: «Хэрвээ Ираны талаас үр бүтээлтэй санал ирүүлэхгүй бол энэ асуудлыг НУБ-ийн АЗ дээр ярих шаардлагатай болно» гэж хэлсэн билээ. Ийм учраас Ахмаднежадын сүүлчийн мэдэгдэл Иран улсын хувьд цаг үеэ олсонгүй гэж дорно дахины судлаач Владимир Исаев манай радиод ярилцлага өгөхдөө мэдэгдээд: Хэрвээ Иран улс түүний ерөнхийлөгчийн хэлсэнээр явах юм бол НҮБ-ийн АЗ-ийг яаралтай хуралдуулахад хүргэж, Тегераны эсрэг улам хатуу хориг арга хэмжээ авах асуудлыг хэлэлцэхэд хүргэнэ гэж би бодож байна. Харин Орос, Хятад улсууд хориг арга хэмжээг дэмжих бол уу? яах бол гэдэг асуулт гарч ирж байна. Хэрвээ НҮБ-ийн АЗ хориг арга хэмжээ авах шийдвэр гаргахгүй бол НАТО-гийн гишүүн орнууд хориг тавина. Ийм байдал үүсвэл Иран улсын эдийн засгийн хөгжил, тэр тусмаа тэргүүлэх салбарын хөгжил зогсонги байдалд орно гэлээ. Иран улсын цөмийн шинжилгээний зорилго чиглэлд эргэлзэж байгаа дэлхийн хамтын нийгэмлэгийн айдасыг арилгах хэрэгтэй гэсэн байр суурийг Орос улс баримтлаж байна. Хориг арга хэмжээ бол асуудлыг шийдэх цорын ганц арга хэмжээ мэт харж болохгүй гэж Москва үзэж байна. Хэрвээ хориг арга хэмжээг авах юм бол цөмийн зэвсгийг дэлгэрүүлэхгүй байх асуудлыг шийдэхэд л зориулах ёстой.