Орос улсын цэргийн шинэ номлолыг ерөнхийлөгч Д.Медведев баталлаа. Баримт бичиг нээлттэй шинжтэй юм. Баримт бичигт гарын үсэг зурсан даруйд амласан ёсоор Кремлийн вэб хуудаст номлолын эхийг тавилаа. Үүний зэрэгцээ төрийн тэргүүн “Цөмийн зэвсгийг 2020 он хүртэл тогтоон барих төрийн суурь бодлогыг” баталлаа.  Орос улсын цэргийн номлол боловсруулсан хүмүүс “НАТО олон улсын эрх зүйн хэм хэмжээг зөрчин хэрэгжүүлж буй дэлхийг хамарсан үүрэг гүйцэтгэхийг эрмэлзэж байгааг” Орос улсын аюул занал хэмээн нэрлэж байна. Үүнээс гадна “НАТО-ийн цэргийн дэд бүтэц Оросын хилд дөхөж, эвсэл тэлж байгааг” аюул занал хэмээн дүгнэжээ. Өндөр нарийвчлалтай зэвсгийн стратегийн цөмийн систем байрлуулах, сансарыг цэрэгжүүлэх, америкийн пуужингийн довтолгооноос хамгаалах системийг Европт байрлуулах зэргийг мөн энэ ангилалд оруулжээ. Цөмийн зэвсэгтэй улс орны тоо нэмэгдэх, пуужин, пуужингийн технологи, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх зэрэг нь дэлхийг хамарсан гадаад аюул занал байна. ОХУ-ын хөрш болон холбоотон орны нутаг дэвсгэрт гадаадын цэрэг байрлах, бүс нутгийн мөргөлдөөн, олон улсын терроризм дэлгэрэх зэрэг нь Орос улсад заналхийлж байна. Үндсэн хуульт тогтолцоог нураахыг оролдох, тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг алдагдуулах зэргийг улс орны дотоод аюул занал гэж үзжээ. “Олон улсын хууль эрх зүйн механизмыг багтаасан олон улсын аюулгүй байдлын одоогийн бүтэц бүх улс орны аюулгүй байдлыг ижил түвшинд хангахгүй байна” гэж баримт бичигт дурдсан байна. Орос улсын цэргийн номлолын чухал хэсэг цөмийн зэвсгийн тухай зүйл юм. Энэ зэвсэг цэргийн мөргөлдөөнөөс сэргийлэх шийдвэрлэх хүчин зүйл хэвээр байна. Ердийн зэвсэгт мөргөлдөөн цөмийн зэвсгийн мөргөлдөөн болон өргөжихийг номлолд зөвшөөрчээ. Тиймээс орчин үеийн аюул заналыг анхааралдаа авч, “Орос улс болон түүний холбоотон улсын эсрэг цөмийн болон үйл олноор хөнөөх бусад төрлийн зэвсэг ашигласан, мөн улс орон оршин байхад заналхийлж Орос улсад халдан түрэмгийлсний хариуд цөмийн зэвсэг ашиглах эрхийг хэвээр үлдээжээ”. Ердийн эсвэл цөмийн дурын зэвсэгт мөргөлдөөн гаргуулахгүй байх нь Орос улсын үндсэн бодлого болохыг тэмдэглэв. АНУ, Канадын хүрээлэнгийн орлогч захирал Павел Золотарев энэ сэдвийг үргэлжлүүлнэ:  Бүр 1993 болон 2000 онд тодорхойлсон тэр алхамыг бараг баталсан. Нэг талаас хэзээ ч хамгийн түрүүнд цөмийн зэвсэг үл хэрэглэх үүргийг бид хүлээж байна. Гэхдээ цөмийн зэвсэг ашиглахыг үгүйсгээгүй болохыг бид тайлбарласан. Орос улс болон дэлхийн өнөөгийн байдлаас үүдэн Москва цөмийн зэвсэг огт хэрэглэхгүй байх, эсвэл сэрэмжлүүлэх зорилгоор түрүүлж цөмийн зэвсэг ашиглах үүрэг хүлээх аргагүй юм. Орос улсын геополиткийн гол өрсөлдөгч Америк ийм үүрэг хүлээгээгүй. Павел Золотарев үргэлжлүүлэн тайлбарлахдаа, АНУ цөмийн зэвсгийг эцсийн, сэрэмжлүүлэх арга хэмжээний хувьд ашиглаж болох юм. Америк оршин байхад заналхийлсэн нөхцөлд бус харин ямар ч зүйл байсан сэрэмжлүүлэхэд цөмийн зэвсгийг ашиглах шаардлагатай гэж тэд үзэж байна. Ерөнхийлөгч цэргийн номлолын хамт “Цөмийн зэвсгийг 2020 он хүртэл тогтоох барих салбарт төрийн суурь бодлогыг” баталсан юм. Жанжин штабын дарга асан, Орос улсын Аюулгүйн Зөвлөлийн нарийн бичгийн даргын орлогч Юрий Балуевский энэ баримт бичгийг ийнхүү тайлбарлаж байна. Орос улс газар, тэнгис, агаар зэрэг цөмийн батлан хамгаалах гурван бүрэлдэхүүн хэсгийг хөгжүүлэх бодолтой байна. Цөмийн зэвсэг, түүнийг хүргэх хэрэгсэл нь Орос улсын хувьд стратегийн тогтоон барих хүчин, тогтвортой байдал, аюулгүй байдлыг хөгжүүлэх баталгаа хэвээр байна.