НАТО шинэ гишүүн элсүүлж, пуужингийн довтолгооноос хамгаалах систем байрлуулахаар чармайж байгаа нь Орос улсын Цэргийн номлолд цэргийн үндсэн аюул занал болж байна. Ерөнхийлөгч Д.Медведевын баталсан баримт бичгийг баасан гаригт Кремлийн албан ёсны вэб хуудаст нийтэлжээ. Баримт бичигт Умард Атлантын эвсэл дэлхийн асуудлыг шийдэхийг эрмэлзэж, НАТО-ийн гишүүн орнуудын цэргийн дэд бүтцийг Оросын хилд дөхүүлэхийг оролдож байгаа тухай тэмдэглэжээ. Пуужингийн довтолгооноос хамгаалах стратегийн систем байрлуулснаар "дэлхийг хамарсан тогтвортой байдлыг алдагдуулж, пуужинийн цөмийн зэвсгийн салбарт тогтсон хүчний харилцааг эвдэж" байна хэмээн тэмдэглэжээ. Орос улс болон түүний холбоотнуудын эсрэг цөмийн зэвсэг эсвэл үй олноор хөнөөх бусад төрлийн зэвсэг ашигласны хариуд Орос улс цөмийн зэвсэг ашиглах эрхийг хэвээр үлдээж байна. Орос улсын үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн халдан түрэмгийлэгчид цөмийн сэрэмжлүүлэх цохилт өгөх тухай цэргийн номлолд дурджээ.