Эрхэм сонсогчид оо, сайн байцгаана уу? “Оросын дуу хоолой” радиогийн долоо хоног тутмын “Манай шуудангийн хайрцаг” нэвтрүүлэг эхэлж байна.  Уламжлал ёсоор нэвтрүүлгээ захидлын тоймоос эхэлье. Эрдэнэт хотын инженер-технологич Е.Магсаржалам манай нэвтрүүлгийг сонирхон сонсдог байна. Манай нэвтрүүлэг олон янз, танин мэдэхүйн ач холбогдолтой болохыг тэрээр тэмдэглэжээ.  Дархан хотын сонсогч Г.Дорж манай нэвтрүүлгийг 60 гаруй жилийн турш сонсож байна. “Орос орны шинжлэх ухаан, техник, эдийн засгийн ололт амжилт, улс төр, нийгмийн амьдралын янз бүрийн үйл явдлыг танай нэвтрүүлгээр дамжуулдаг нь үнэхээр сайн хэрэг хэмээн тэрээр захидалдаа бичсэн байна. Бид Баянхонгор аймгийн сонсогч С.Үнэнбуянаас захидал хүлээж авлаа. Түүнд манай нэвтрүүлэг их таалагддаг байна. Манай нэвтрүүлэг мэдээлэл сайтай, их сонирхолтой хэмээн тэрээр дүгнэжээ.
Улаанбаатар хотын сонсогч Ж.Наранцэцэг электрон шуудангаар бидэнд захидал бичсэн юм. Тэрээр манай нэвтрүүлгийг интернет дахь манай вэб хуудсаас сонсдог байна. “Оросын дуу хоолой” радио гайхалтай радио хэмээн тэрээр тэмдэглэжээ.
Өвөрхангай аймгийн Сант сумын сонсогч П.Дүвжир, Хөвсгөл аймгийн Хатгал сумын сонсогч Ц.Цэндсүрэн, Орхон аймгийн Баян-Өндөр сумын сонсогч Б.Жавкан нар орос-монголын харилцааны тухай материал онц сонирхолтой болохыг тэмдэглэсэн байна. 
Эрхэм сонсогчид оо, “Оросын дуу хоолой” радиогийн талаар сайн сайхан үг хэлсэн та бүхэндээ талархаж байна. Нэвтрүүлгээ үргэлжлүүлье. Улаанбаатар хотын сонсогч Ц.Лувсандоржийн хүсэлтээр монголчуудын дуртай “Москва орчмын үдэш” дууг дамжуулъяа.  “Манай шуудангийн хайрцаг” нэвтрүүлгээ үргэлжлүүлье. Бид “шуудангийн хайрцаг” нэвтрүүлгийн нэг дугаараар “Монгол улс болон ОХУ: төмөр замын түүх” сэдвээр зохион бичлэгийн уралдаан зарласан тухай та бүхэнд өгүүлсэн. Уралдааны дүн гарчээ.  Дорно-Сибирь төмөр замын компанийн дарга Анатолий Краснощёк болон Улаанбаатар төмөр зам компанийн дарга В.Отгондэмбэрэл нарын гарын үсэг зурсан гэрээнд уралдааныг зохион явуулах зүйл орсон юм. Үүний дараа 2009 оны 10-р сарын 1-нд монголын дунд сургуулийн 7-8-р ангийн сурагч, төмөр замын мэргэжлийн лицейн ангийн сурагчдын дунд уралдаан зарласан юм. “Оросын төмөр зам” Нээлттэй хувьцаат нийгэмлэгийн дарга Владимир Якунин, Монгол улсын Барилга, хот байгуулалт, зам, тээврийн сайд Х.Баттулга нар уран бүтээлийн ийм уралдаан зохион явуулахыг санаачилсан юм. Улаанбаатар хотод өнгөрсөн оны 5-р сард болсон засгийн газар хоорондын уулзалтын үеэр тэд энэ талаар тохиролцжээ.  “Ган зам”, “Дорно Сибирь”сонины ерөнхий редактор, төмөр замын түүхийн шинжээч зэрэг хоёр талаас тус бүр таван хүн уралдааны комисст багтжээ. Оросын талаас 37 зохион бичлэг, монголын талаас 76 зохион бичлэг хүлээж авчээ. Эрхүүгийн 36-р лицейн сурагч Сергей Коротаев нэгдүгээр байрт орсон байна. Эцэг эхийн аль нэгнийх нь хамт Монголын Хөвсгөл нуурын эрэг дээр 5 хоног амрах эрхийн бичгээр түүнийг шагнажээ. 
Слюдянка өртөөний 23-р дотуур байртай сургуулийн сурагч Алёна Алецкий хоёрдугаар байрт орж, Дорно Сибирь төмөр зам компани түүнийг 10 мянган рублээр шагнасан байна. 336 дугаар лицейн сурагч Наталья Слепкова, Кирилл Володин, мөн Танхой өртөөний 21-р дотуур байрны сургуулийн сурагч Юлия Мазуркевич нар гуравдугаар байрт оржээ. Монголын талаас Дорноговь аймгийн 3-р дунд сургуулийн сурагч Г.Энхбат нэгдүгээр байрт орсон байна. Хоёрдугаар байрт Улаанбаатар хотын 51-р сургуулийн сурагч С.Шижирнаран, гуравдугаар байрт Улаанбаатар хотын 18-р сургуулийн сурагч Н.Лувсандорж нар оржээ. Уралдааныг зохион байгуулах комиссийн шийдвэрээр өөр гурван зохион бичлэгийн эздийг урамшуулсан байна. Бид уралдаанд шагналт байранд орсон орос, монголын сурагчдад баяр хүргээд, цаашдын уран бүтээлд нь өндөр амжилт хүсье. Дахин завсарлага авч, Эрдэнэт хотын сонсогч Г.Цэвэлийн хөгжмийн захиалгыг биелүүлье. Тэрээр Ховд аймагт суугаа найз Ургамалдаа ая дууны мэндчилгээ дэвшүүлжээ. Надежда Кадышевын дуулсан “Төрсөн өдрийн мэнд хүргэе” дууг хүргэж байна. “Манай шуудангийн хайрцаг” нэвтрүүлгээ үргэлжлүүлье. Завхан аймгийн оршин суугч З.Чимэддулам “алтайн гүнжийн” зандалшуулсан шарил хэрхэсэн тухай сонирхожээ.
Полосьмкийн экспидиц 1993 онд Монголын хилийн ойролцоо Алтайн Укокийн тэгш газар скифийн үеийн булшнаас 2,5 мянган жилийн тэртээх зандалшуулсан шарил илрүүлсэн юм. Археологичид олдвороо Новосибирск дахь Оросын шинжлэх ухаан академийн Сибирийн салбарын археологи, угсаатны зүйн хүрээлэнд өгсөн бөгөөд зандалшуулсан шарилыг одоо ч тэнд хадгалж байна. Кош-Агач дүүргийн оршин суугч, мөн “Эне Тил” олон нийтийн нэгдэл удаа дараа хүсэлт гаргасны дүнд бүс нутгийн засаг захиргаа тус нутаг дэвсгэрт малтлага хийхийг хоригложээ. Үнэн хэрэгтээ ийнхүү хориглох нь зохисгүй юм.
Н: Новосибирскийн ээлжит ахеологийн экспидиц 2009 онд Алтайн энэ дүүрэгт малтлага хийхэд татгалзахаас аргагүй болоход Алтайн бүгд найрамдах улсын прокурорын газар хоригийг цуцалжээ. Эрдэмтэд Оросын соёлыг хамгаалах байгууллагад хандаж, тэд юуны түрүүнд прокурорын газар захидал илгээсэн байна. “Алтайн гүнжийн” зандалшуулсан шарил илрүүлсэн нь эрдэм шинжилгээний хүрээнд шуугиан дэгдээсэн нээлт юм. Тухайн үед Оросын шинжлэх ухаан академийн төлөөлөгчид үүнийг дэлхийн археологийн түүхэнд хамгийн чухал нээлт хэмээн нэрлэжээ. Зөвхөн ясны үлдэгдэл бус сайн хадгалсан шарилыг анх удаа судалсан. ДНК-г судалж, тэр үеийг хүмүүсийн дүр төрх, чимэг хэрэглэлийг бүтээж, аугаа гүрэн үүсч, мөхөж байсан, мөн Александр Македонскийн байлдан дагуулалтыг судална.  Академич Вячеслав Молодин, түүхийн ухааны доктор Наталья Полосьмак 2004 онд “евразийн шинэ соёл иргэншлийг нээсний” төлөө шинжлэх ухаан, технологийн салбарт олгодог Төрийн шагнал хүртсэн юм.
Сүүлийн жилүүдэд Новосибирскийн эрдэмтэд, Алтайн засгийн газрын хооронд зандалшуулсан шарилыг Новосибирск эсвэл Уулын Алтайд хадгалах талаар маргаан тасрахгүй байна. Алтайн музейд шарилыг хадгалах нөхцөл бүрдээгүй гэж Новосибирскийн эрдэмтэд үзэж байна. Өнөөгийн байдлаар Уулын Алтайд Үндэсний музейг сэргээн засварлаж бараг дуусч байгаа бөгөөд “алтайн гүнж” зандалшуулсан шарил хадгалах тусгай өрөө байгуулжээ. Одоо хөгжмийн завсарлага авцагаая. Баян-Өлгийн аймгийн сонсогч Батцэцэг манай нэвтрүүлгээр өвлийн ямар нэг дуу дамжуулахыг хүсчээ. Одоо эфирээр “Цас орж байна” дуу дамжуулъяа. “Манай шуудангийн хайрцаг” нэвтрүүлгээ үргэлжлүүлье. Орос улсад байгаль орчин, ургамал, амьтныг хамгаалах талаар авч байгаа арга хэмжээний талаар өгүүлсэн нэвтрүүлэг их сонирхолтой байна гэж Улаанбаатар хотын сонсогч С.Дагвадорж, Өмнөговь аймгийн сонсогч Е.Бямбажав, Увс аймгийн Баруунтүрүүн сумын сонсогч Ш.Жамбалсүрэн нар захидалдаа тэмдэглэжээ. 
Та бүхэн Өвөрбайгалийн хязгаарын нутагт Монголоос зээр нүүдэллэн орсныг сонссон байх. Бүс нутгийн засаг захиргаа нөхцөл байдлыг хяналтандаа авчээ.  Улсын ан агнуурын алба, цагдаа, хил хамгаалагчид зээрийг хууль бус анчдаас хамгаалж байна. Өвөрбайгалийн Улсын ан агнуурын албаны үйл ажиллагааг дүгнэх зөвлөлгөөний үеэр сонирхогч бүх байгууллагын төлөөлөгчид хууль бус ангийн асуудал, нүүдэллэн ирсэн зээрийг хамгаалах асуудлыг хэлэлцсэн юм. Өвөрбайгалийн хязгаарын нутаг дэвсгэрт бэлчээр хайсан 50 мянга орчим толгой зээр нүүдэллэн орж ирж магадгүй байна. Монгол, Оросын хил орчмын нутаг дэвсгэрт ийм тооны зээр байна гэж мэргэжилтнүүд хэллээ. Онон, Бозин, Акшинск, Кыринскийн дүүрэгт 25 мянган толгой зээр байнга нутагладаг. Аги, Могойтын дүүрэгт зээр харагдах болжээ. Монгол улсын нутаг дэвсгэрт ган гачиг тохиож, цас их унаснаас тэжээл хомсдож, зээр идээшсэн газраа орхин бэлчээр хайн нүүдэллэх болжээ. Өвөрбайгалийн нутаг дэвсгэрт хууль бус анчид зээрийг агнах аюул нүүрлэж байна. Өвөрбайгалийн хязгаарын Улсын ангийн албаны ойрын хугацаанд хэрэгжүүлэх төлөвлөгөөнд ан амьтан, тэдний бэлчээр нутгийг хамгаалах хөтөлбөр, мөн бүс нутгийн хэмжээнд “Ангийн тухай” хууль болосвруулахаар оруулжээ. Төлөвлөгөөг зохих ёсоор санхүүжүүлж, хэрэгжүүлбэл, зээр хязгаарын нутаг дэвсгэрт чөлөөтэй бэлчих боломжтой хэмээн мэргэжилтнүүд ярьж байна.
Одоо Монголын нутгаас бор гөрөөс, хандгай, буга, согоо зэрэг 1000 орчим турайтан бэлчээр хайн, Сибирийн өмнөд хэсэг Кузбасст өвөлжөхөөр нүүдэллэж байна. Ой болон амьтны ертөнцийн объектыг хамгаалах газрын мэргэжилтэн, ангийн нийгэмлэгийн удирдлага, ангийн ашиг шимийг түрээслэгчдийн орлцсон зөвлөлгөөний үеэр энэ асуудлыг хэлэлцлээ. Хүйтэн, мөн цас их унаснаас амьтад нүүдэллэхэд хүнд байна. 60 см зузаан цасан дороос тэжээл олоход тэндэнд бэрх байна. Кузбасст цогц арга хэмжээ боловсруулжээ: амьтдад нэмж тэжээл /өвс, навчит ургамалын баглаа, овьёос/ өгөх, тал хээр газар зам гаргана. Тэжээл тавьсан газар зам гаргахын тулд мужийн төсвөөс 4 цаснаа явагч худалдан авахад хөрөнгө хуваарилжээ. “Манай шуудангийн хайрцаг” нэвтрүүлэг өндөрлөж байна. Бид Ховд аймгийн сонсогч Д.Даваасүрэнгийн хүсэлтээр нэвтрүүлгээ оросын ардын дуугаар өндөрлөж байна.  “Манай шуудагийн хайрцаг” нэвтрүүлэг өндөрлөллөө. Эрхэм хүндэт сонсогч та бүхэнд амжилт, зол жаргал, эрүүл энхийг хүсэн ерөөе. Бидэнд захидал бичээрээй! Бид та бүхний асуултад дуртайяа хариулж, хөгжмийн захиалгыг тань биелүүлнэ. Дэлхийн улс төрийн чухал үйл явдал болон орос-монголын харилцааны хөгжлийн тухай материал түүнчлэн “манай шуудангийн хайрцаг” нэвтрүүлгийг www.ruvr.ru сайтад монгол хэлнээ тавьж байгаад сонсогчиддоо дахин сануулъяа.
<сонсох>