Антон Павлович Чехов 1860 оны 1-р сарын 29-нд Таганрогт худалдаачны гэр бүлд төржээ. Тэрээр анх грек дунд сургууль төгсөөд сонгодог гимназид элсч, үүний зэрэгцээ эцгийнхээ мухлагт ажилладаг байв. 1876 онд эцгийнх нь мухлаг дампуурсны дараа гэр бүлийн хамт Москвад нүүхээс аргагүй болжээ. Антон 3 жилийн дараа Москвад ирсэн даруйдаа Москвагийн улсын их сургуулийн анагаах ухааны факультетад элссэн байна. Энэ хугацаанд тэрээр уран зохиолын бүтээлээс орлогын үндсэн эх үүсвэрээ олж байв. Чехов 1884 онд их сургуулиа дүүргээд, Москва орчимд эмчээр ажиллах болсон ч, уран зохиолын үйл хэргээ орхисонгүй. “Анагаах ухаан бол миний хууль ёсны эхнэр, харин уран зохиол бол нууц амраг” хэмээн тэрээр хэлдэг байв. 1890-ээд оны эхэнд Антон Павлович Чеховын бүтээлийг Орос улсад хамгийн их уншдаг болжээ. Нийгмийн тулгамдсан асуудлыг сайн мэддэг, гарамгай сэтгэл зүйч, амьдралын гүнд нэвтэрсэн зохиолчийн хувьд түүний бүтээлийг их унших болжээ. Чехов 1890 онд ялтныг цөлдөг Сахалин аралд очсон байна. Антон Павлович тэнд судлаач, эмч, социологичийн хувьд гурван сар ажилласан юм. Тэрээр ялтнуудын амьдралын гүнд нэвтрэхийн тулд Сахалины хүн амыг /10 мянган хүн/ тоолжээ.
Чехов 1892 онд Мелихово тосгонд эдлэн худалдан авч, олон нийтийн идэвхтэй ажиллагаа явуулдаг. Тэрээр өөрийн хөрөнгөөр эмнэлэг байгуулж, тариачдын хүүхдүүдийн гурван сургууль байгуулж, шуудан, цахилгаан мэдээ нэвтрүүлсэн юм. Энэ үеэр тэрээр “Тасаг 6” “Хуй дахь хүн”, “Ионыч”, “Крыжовник”, “тосгоны мөчлөг” бүтээл, мөн “Гурван жил”, “Ваня ах”, “Цахлай” туужаа бичсэн юм.
1897 онд Чеховын сурьеэ өвчин хүндэрч, тэрээр намар, өвөлдөө Ницца, Парис дараа нь 1898 онд Ялтад шилжин суух болсон юм. Тэнд Чеховын бие сайн байсан тул олон нийтийн ажил явуулж байлаа.
Антон Павлович болон Москвагийн уран сайхны театрын жүжигчин Ольга Книппер нар 1901 оны 5-р сард сүй тавьжээ. Энэ үеэр Чеховын бие их дордсон байлаа. 1904 онд Чеховын “Интоорын цэцэрлэг” бас нэг туужийг тавьжээ. Энэ Антон Павловичийн хамгийн сүүлийн бүтээл байсан юм. Сурьеэ өвчин нь улам хүндэрчээ.
1904 оны 7-р сарын 15-ны шөнө түүний бие тун муудсан байна. Дуудлагаар ирсэн эмчид, “Би үхэж байна” хэмээн тэрээр шийдэмгий хэлжээ. Дараа нь аажуухан оргилуун дарс уугаад, хэвтэж, удалгүй өөд болсон юм. Москвагийн Новодевичийн оршуулгын газар Чеховыг нутаглуулжээ.
2010 онд Орос улс энэ аугаа их зохиолчийн төрсний 150 жилийн ойг тэмдэглэж байна. Москва болон Таганрогт гол арга хэмжээ болж байна. Чеховын нэртэй холбоотой арга хэмжээ зун мөн үргэлжилнэ. Энд Чеховын номын дөрөвдүгээр наадам болж, зохиолчийн уран бүтээлд зориулсан эрдэм шинжилгээ-практикийн олон улсын бага хурал, хүүхдийн гар зургийн уралдаан зохионо. 10-р сард хүссэн хүн бүр “А.П.Чеховын эх нутагт” Олон улсын театрын уламжлалт наадамд оролцох боломжтой.