Оросын “ЛУКОЙЛ” компани Норвегийн “Статоил” компанитай хамтран Ирак дахь “Баруун Курна-2” нефтийн ирээдүйтэй орд газрыг боловсруулах тендерт яллаа. “ЛУКОЙЛ” компани төсөлд 30 тэрбум гаруй долларын хөрөнгө оруулах бөгөөд таамаглаж буй олборлолтын хэмжээ жилд 95 сая тонноос давна. Багц баримт бичигт гарын үсэг зурсан нь Орос улс тус бүс нутагт илт амжилт гаргахыг бэлэгдэж байна. Тус компани бүхэл бүтэн 13 жил хөрөнгө оруулалтын энэ томоохон төслийн төлөө өрсөлдсөн юм. Иракт дэгдсэн дайн, энэ улсад Орос улс үйл ажиллагаа явуулахыг АНУ идэвхтэй эсэргүүцэж байсан зэргээс оросын нефтийн томоохон компани сүүлчийн мөч хүртэл иракийн нөөцийг эзэмшихэд оролцох боломжгүй байлаа. “ЛУКОЙЛ” компани “Баруун Курна-2” төсөлд энэ жил анх хөрөнгө оруулаад, 2012 оны эцсээс нефть бүрэн олборлож эхэлнэ. В.Путин компанийн тэргүүнд тендерт ялсанд баяр хүргээд, “зохих хэлбэрээр ажиллаж, компани болоод нефтийн салбарт бүхэлдээ ашиг орлого хүртээнэ” гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв. Орос улс нэг өдрийн өмнө Венесуэлд амжилтанд хүрлээ. Жил үргэлжилсэн яриа хэлэлцээний дүнд “Хунин-6” томоохон орд газар эзэмших орос-венесуэлийн хамтарсан компани байгуулсан байна. Энэ зорилгоор байгуулсан Үндэсний нефтийн консорциумд “ЛУКОЙЛ”, “Роснефть”, “ТНК-ВР”, “Сургутнефтегаз”, “Газпром нефть” зэрэг оросын нефтийн томоохон компани багтжээ. Оросын тал төсөлд 10 тэрбум гаруй долларын хөрөнгө оруулна гэж Орос улсын Эрчим хүчний сайд Сергей Шматко мэдэгдсэн юм. Энэ хэлэлцээр эдийн засгаас гадна улс төрийн чухал ач холбогдолтой билээ. Өнөөгийн байдлаар Москва латин Америкийг олон улсын тавцанд чухал түншийн нэг хэмээн үзэж байна. Хэлэлцээрт гарын үсэг зурсан ач холбогдлын талаар Оросын нефть хийн үйлдвэрлэлийн Холбооны ерөнхийлөгч Геннадий Шмаль “Оросын дуу хоолой” радиод өгсөн ярилцлагадаа ийнхүү тайлбарлав.  Сүүлийн үед бид технологийн сонирхолтой багагүй шийдэлтэй болсон. Тиймээс “ЛУКОЙЛ”, “РИТЭК” болон “Роснефть” зэрэг оросын нефтийн компаниуд Казахстан, Азербайжан, Оман, Хятад болон бусад оронд хэд хэдэн орд газар эзэмшихэд оролцож байна. Оросын компанийн эзэмшиж байгаа орд газар эдийн засгийн тодорхой үр ашигтай бол манай орны дүр төрхөд нааштай нөлөөлөх нь ойлгомжтой. Тэгэхлээр улс төрийн үүднээс энэ төсөлд оролцох шаардлагатай. Оросын шинжлэх ухаан академийн Дэлхийн эдийн засаг, олон улсын харилцааны хүрээлэнгийн эрчим хүчний судалгааны төвийн ахлах ажилтан, нэрд гарсан өөр нэг шинжээч Игорь Томберг энэ байр суурийг дэмжиж байна. Орос улсад нефть олборлоход их үнэтэй, хангалттай хүнд байдаг тул олон улсын төсөл нэн чухал хэмээн тэр үзэж байна. Үүнээс гадна шинэ зах зээлд их хөрөнгө оруулж, технологи нэвтрүүлснээр Орос улсын дэлхийн эрчим хүчний салбарт дахь байр суурийг бэхжүүлнэ.