Их Британийн ерөнхий сайд Гордон Браун Лондон хотноо болсон Афганистаны асуудлаарх олон улсын бага хурлын дүнг сэтгүүлчдэд танилцуулах мөчид, ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров тус бага хурлаас Москвад ирлээ. Афганистаны асуудлаарх дээд түвшний олон улсын бага хуралд оролцсон НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун зэрэг олон улсын байгууллагын тэргүүн, мөн 70 гаруй орны Гадаад хэргийн сайд нарын нэг нь Орос улсын Гадаад хэргийн яамны тэргүүн байв. Афганистаны эрх баригчдад улс орныхоо аюулгүй байдлыг хангаж, хяналт тавих эрхийг шилжүүлэх үед Афганистан болон олон улсын хамтын нийгэмлэгийн харилцан хүлээх үүргийг хэлэлцэх нь уулзалтын зорилт байсан юм. “Афганистаны ард түмэнд улс орноо удирдаж, хамгаалахад олон улсын хамтын нийгэмлэг тусламж үзүүлэх шийдвэрлэх мөч ирлээ” хэмээн Их Британийн ерөнхий сайд Гордон Браун чуулганыг нээж хэлсэн үгэндээ тэмдэглэв. Афганистан дахь олон улсын эвслийн цэргийнхэнд 2009 он их хүнд жил байсан бөгөөд зөвхөн Их Британи өнгөрсөн 12 сард 100 гаруй хүнээ алдсаныг тэрээр сануулав. “Афганистанд хэрэгжүүлж байгаа зорилт бие даасан улс орны үндэсний аюулгүй байдал, энэ чухал бүс нутгийн тогтвортой байдал, манай дэлхий ертөнцийн аюулгүй байдалд амин чухал болохыг танхимд цугласан бүх хүн ойлгож байгаа” хэмээн Их Британийн ерөнхий сайд тэмдэглэжээ. ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров бага хурал болж өнгөрсөн “Ланкастер-хаус” Британийн хүлээн авах өргөөнд хэлсэн үгэндээ, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл 8 жилийн тэртээ АНУ, НАТО-д олгосон Афганистанд цэргээ оруулах мандат нь зөвхөн терроризм төдийгүй мансууруулах бодисын эсрэг тэмцэхэд чиглэснийг тэмдэглэв.
Афганистанд байгаа хүчин Аюулгүйн Зөвлөлийн мандатын дагуу үүргээ биелүүлэх ёстой. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл цагтаа тэдний хүсэлтээр Афганистаны нутаг дэвсгэрт терроризмын үндэс, мөн мансууруулах бодисын наймааг таслах мандат олгосон юм. Бид энэ чиглэлээр туслахад бэлэн ч, эвслийн хүчин хариуцлагаа мэдрэх учиртай. Афганистан терроризм болон мансууруулах бодисын ямар нэг аюул занал үл нүүрлэх, бүх улс оронтой сайн хөршийн харилцаатай орших, төвийг сахисан, тайван улс байгаасай хэмээн бид хүсч байна. Харамсалтай нь энэ аюул занал нүүрлэсээр, манай улс орнууд өдөр бүр үүнийг мэдэрч байна. 
Эвслийн “хүчин чармайлт зөвхөн аюулгүй байдлыг хангах арга хэмжээнд чиглэх ёсгүй” гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун чуулга уулзалтад хэлсэн үгэндээ тэмдэглэв. Авилга, мансууруулах бодисын наймаатай тэмцэх шаардлагатай гэж тэрээр тэмдэглэллээ. Өнөөгийн байдлаар үүнээс улбаалан Афганистан бэрхшээлтэй асуудалтай тулгарч, тус улсын байдлыг хэвийн болгох бусад хүч чармайлт талаар болж байна гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга хэллээ. Дэлхийн тэргүүлэх улс орнууд олон улсын сан байгуулсан нь чуулга уулзалтаар баталсан чухал шийдвэрийн нэг байлаа. Афганистаны засаг захиргаанаас хэрэгжүүлж байгаа эдийн засгийн боломж олгох “энх тайван болон дахин интеграцчилах хөтөлбөр”-ийг санхүүжүүлэх үүднээс энэ санг байгуулжээ. Өөрөөр хэлбэл зэвсгээ хураалгаж, тайван амьдрал эхлүүлэх хүсэлтэй “Талибан” хөдөлгөөний зэвсэгт этгээдүүдэд энэ хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Дахин интеграцчилах нөхцлийг хүлээж авахаас татгалзсан зэвсэгт этгээдүүдийг цэргийн аргаар мөрдөн мөшгөхөөс өөр аргагүй хэмээн чуулга уулзалтын үеэр тэмдэглэжээ. Афганистаны ерөнхийлөгч Хамид Карзай ард түмний засгийн газарт итгэх итгэлийг бэхжүүлэхийн тулд Афганистаны төр засгийн байгууллагад авилгыг арилгахад хүч чармайлтаа төвлөрүүлнэ хэмээн амласан юм. “Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хоёр дахь удаа хэрэгжүүлэхдээ авилгатай тэмцэхэд гол анхаарал хандуулна” гэж тэрээр олон улсын чуулга уулзалтын индэрээс мэдэгдсэн билээ. Хамид Карзай чуулга уулзалтад үг хэлэхийн өмнө хэвлэлд өгсөн ярилцлагадаа, Афганистан улс орныхоо аюулгүй байдлыг хангахад 15 жилийн турш олон улсын дэмжлэг шаардлагатай гэж тэр үзэж байна. “Терроризм, мансууруулах бодисын гэмт хэргээс ангид төвийг сахисан, эдийн засгийн тогтвортой, бие даасан, амар жимэр улсыг нэн даруй цогцлуулах ашиг сонирхолын үүднээс Афганистанд дэмжлэг үзүүлэх олон улсын хүчин чармайлтад тус чуулга уулзалт дорвитой алхам боллоо” гэж ОХУ-ын Гадаад хэргийн яамны Хэвлэл, мэдээллийн газар чуулга уулзалтын төгсгөлд ийнхүү мэдэгдсэн юм.