Дэлхийн хүн амын тоогоор дээгүүр ордог 10 хотын 8 нь газар хөдлөх аюултай бүст газрын эвдэрхий хөрсөн дээр оршиж байгаа тул олон арван сая хүний амь насанд заналхийлж байна. Токио, Мехико, Нью-Йорк, Мумбай, Дели, Шанхай, Калькутта, Жакарта зэрэг хот аюултай бүст байна гэж Гамшгийн аюулыг бууруулах асуудал эрхэлсэн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын туслах Маргарет Вальстрем мэдэгдэв. Эдгээр хотуудын хүн ам 161 саяаас давж байна. НҮБ-ын статистик мэдээгээр сүүлийн арван жилд байгалийн гамшгийн улмаас амь үрэгдсэн хүмүүсийн олонх нь буюу 60 хувь нь газар хөдлөлтөд амь үрэгджээ. Мөн 22 хувь нь хар шуурга, 11 хувь нь хэт өндөр температур /ган гачиг эсвэл зуд турхан/ амь насаа алдсан байна. Энэ хугацаанд байгалийн гамшигт 780 мянган хүн амь насаа алдаж, 2 тэрбум гаруй хүн хохирчээ. Энэ оны эхэнд байгалийн хамгийн хүчтэй гамшиг тохиосон юм. Гаитид 1-р сарын 12-нд газар хөдөлсний уршгаар амь үрэгдсэн хүмүүсийн тоо 200 мянгаас давж болзошгүй байна. Засгийн газар 170 мянган хүн үрэгдсэнийг албан ёсоор баталжээ.