Оросын монгол судлал хөгжих шинэ боломж сүүлийн жилүүдэд бүрдлээ. Буриад, Халимагийн улсын их сургуулиудад монгол судлалын анги нээгдсэн байна. Москва хотын Оросын улсын хүмүүнлэгийн их сургуулийн ромын үеийн болон дорно дахины соёлын их сургуульд монгол судлал болон төвд судлалын анги нээгджээ. Орос, Монгол улсын харилцаа шинэ хэлбэрээр эрчимтэй хөгжих болсонтой энэ юуны түрүүнд хамаатай. Монгол хэлний орчуулагч, Монголын эдийн засаг болон бусад салбарт мэргэжилтэн их дутагдаж байна. Энэ зун Чернышевын нэрэмжит Өвөр байгалийн улсын хүмүүнлэг-багшийн их сургуулийн хэл бичгийн факультетын дорно дахины хэсгийн монгол судлаач анхны төгсөгчдөд бакалаврын диплом олгоно. Манай сурвалжлагч Ольга Павлович Чита хотын эртний их сургуулийн олон улсын харилцааны хэсгийн дарга Людмила Эмирзиадигаас энэ тухай лавласан юм. Өнөөдөр түүнтэй хийсэн ярилцлагыг хүргэе.
Людмила Викторовна, энэ жил танай сургуулийн монгол хэлний ангийг хэдэн хүн төгсөж байна вэ? Монгол судлаач оуютнуудыг хэрхэн бэлтгэж байна вэ? 
Энэ жил монгол хэлний ангийг 20 хүн төгсөж байна. Охид, хөвгүүд дөрвөн жилийн турш монгол хэл, уран зохиол, газар зүй, эдийн засаг, улс төр, соёл, уламжлал, бусад хичээл судалсан. Бид янз бүрийн байгууллагад ажиллах чадвартай өргөн мэдлэгтэй мэргэжилтнүүдийг бэлтгэж байгаа. Мэдээж хэрэг монгол хэл судлахад их анхаарал хандуулсан. Дөрвөн жилийн өмнө монгол судлалын анги нээсэн цагаас манай оуютнууд эх хэлтэй багш нараас мэдлэгээ зузаатгах сайхан боломж бүрдсэн. Монгол улсын их сургуулийн олон улсын харилцааны дээд сургуулийн төгсөгч Ж.Амгалан гурван жил манай сургуульд багшилж байна. Гадаадынханд монгол хэл заах түүний сурах бичгийг манай их сургууль хэвлэсэн. Одоо манай сургуульд Монголын нэрд гарсан эрдэмтдийн нэг, яруу найрагч Доржпаламын Сумъяа ажиллаж байна. Оюутнууд их сургуулийн хананд монгол багш нартай харилцахын зэрэгцээ Улаанбаатар хотын их сургуульд хэлний дадлага хийдэг. Манай хоёр сургууль оюутнуудыг хэлний дадлага хийлгэх талаар гэрээ байгуулсан юм.
Энэ жил хорин хүн монгол судлаач мэргэжлээр бакалаврын диплом авна гэж та хэллээ. Нэг жилд их олон хүн энэ мэргэжлээр төгсөж байна. Санкт-Петербургийн улсын их сургууль, Москвагийн улсын их сургуулийн Ази, Африкийн дээд сургууль зэрэг Оросын бүр эртний их сургуулиуд 4-5 жилд нэг удаа 5-7 залуу монголч эрдэмтдийг төгсгөдөг. Харин танай сургууль нэг удаа 20 хүнийг ийм мэргэжлээр төгсгөж байна. Энэ залууст ажлын байр хэр олдох бол?
Манай төгсөгчид ажлын байртай болно гэдэгт итгэлтэй байна. Манай хязгаарын гадаад эдийн засгийн харилцаа холбооны яамнаас өгсүүлээд бүс нутгийн олон хамтарсан компани, байгууллагад монгол хэлний орчуулагч хэрэгтэй байна. Зарим нэг байгууллага манай төгсөгчийг ажилд авах захиалга өгсөн. Үүнээс гадна тус хязгаарт хэвлэгдэж байгаа сонин, сэтгүүлд монгол судлаач-орон судлаач хэрэгтэй байна. Хязгаарын сонин сэтгүүлд Монгол улстай тогтоосон харилцааны талаар өргөн тусгадаг. Манай төгсөгчид Монгол улстай нягт харилцаатай Орос улсын Өвөр байгалийн бүс нутагтай зэргэлдээ орших бусад бүс нутагт ажиллах боломжтой. Бид жил бүр монгол хэлний ангид оюутан элсүүлнэ. Одоогоор ирээдүйн монгол судлаачид 4 жил сурна. Энэ ангид төсвийн 15 оюутан суралцах эрхтэй ч, хэд хэдэн оюутан төлбөртэй суралцдаг тул өрсөлдөөн их байдаг.  Өвөрбайгалийн улсын хүмүүнлэг-багшийн их сургуулийн олон улсын харилцааны хэлтсийн дарга Людмила Эмирзиадитай хийсэн ярилцлагыг хүргэлээ. Саяхан Людмила Викторовнад Орос, Монголын найрамдалыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулсны төлөө Монголын найрамдалын нийгэмлэгүүдийн холбооноос “Найрамдал” медалиар шагнасан юм. Монголын сансрын нисэгч Гүррагчаа түүнд энэ медалийг гардуулжээ. 
<сонсох>