0Афганистаны эдийн засгийг хөгжүүлэх, аюулгүй байдлыг ханган хариуцлагыг тус улсын эрх баригчдад шилжүүлэх нь пүрэв гаригт Лондонд болж байгаа Афганистаны асуудлаарх олон улсын бага хурлын гол зорилт юм. ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Орос улсыг чуулга уулзалтад төлөөлж байна. Манай тусгай сурвалжлагч Элизавета Исакова Их Британиас дэлгэрэнгүйг дамжуулж байна.  Бага хурлын амжилт Афганистаны ард түмний хүсэн хүлээж байгаа асуудлыг шийдвэрлэхэд олон улсын хүч чармайлтыг уялдуулж, дайчлах үүргээ биелүүлэх эсэхээс шалтгаална гэсэн байр суурь байна. Лондонд болох уулзалтаар афганистаны цэргийн албан хаагчдыг бэлтгэх графикийг боловсруулж, олон улсын хүчнээс улс орны аюулгүй байдалд хяналт тавих үүргийг тэдэнд шилжүүлэх арга замыг тогтоох, улсын нийт нутаг дэвсгэрт орон нутгийн засаг захиргааг дэмжих асуудлыг хэлэлцэнэ. Мөн “Талибан” хөдөлгөөний бүрэлдэхүүнээс аядуу байр суурьтай этгээдийг улс төрийн үйл явцад татан оролцуулахад санхүү болон бусад хэрэгслийг хэрхэн ашиглах талаар дүн шинжилгээ хийх ёстой юм. Өчигдөр танилцсан олон улсын бага хурлын мэдэгдлийн төсөлд “Аль-Каида” болон бусад террорист бүлэгтэй харилцаагаа тасалсан хүмүүст Афганистаны нийгэмд зохих байр суурь эдлүүлнэ хэмээн амлажээ. Афганистаны одоогийн засгийн газрын байр суурийг бэхжүүлэхэд чиглэсэн арга хэмжээ болон албан ёсны Кабулын авилгын эсрэг төлөвлөгөөг танилцуулах Афганистаны ерөнхийлөгч Хамид Карзайн мэдэгдлийг сонирхон хүлээж байна. Бага хуралд оролцогчид Афганистаны аюулгүй байдалд хяналт тавих үүргийг нутгийн хууль сахиулах байгууллага болон зэвсэгт хүчинд шилжүүлэх түр хүрээг тохиролцоно. Афганистаны шинэ удирдлага улс орноо цэцэглүүлэн хөгжүүлэхэд гаднаас бодит тусламж хэрэгтэй хэмээн ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров үүнтэй холбогдуулан хэлсэн юм.  Хамгийн гол нь олон улсын хамтын нийгэмлэг энэ уриаг зүгээр тунхаглах бус, аюулгүй байдлын хүчнийг оролцуулаад төр засгийн ажиллах чадвартай байгууллагыг нэн даруй байгуулах шаардлагатай гэдгийг анхаарах хэрэгтэй. Олон улсын хүчний бүрэлдэхүүнд одоо энэ улсын аюулгүй байдлыг хангаж байгаа улсуудын тээврийг өөрийн нутгаар дамжуулах зэргээр Орос улс багагүй зүйл хийж байгааг сайд тэмдэглэв. Афганистаны эдийн засгийг сэргээхэд дэмжлэг үзүүлэх тухайд Орос улс өнөөгийн байдлаар тэнд зөвлөлтийн мэргэжилтнүүдийн барьсан аж үйлдвэр болон дэд бүтцийн 142 объектыг сэргээхэд бэлэн байна. Үүний зэрэгцээ Москва тендер уралдаан зарлалгүй бүх ажлын гэрээг олгож, олон улсын хамтын нийгэмлэг үүнийг санхүүжүүлнэ гэдэгт найдаж байна. Москвагийн үзэж байгаагаар олон улсын хамтын нийгэмлэг Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын боломжийг бүрэн ашиглахгүй байна. Тухайлбал Афганистаны тойруулаад мансууруулах бодисын эсрэг тэмцэх бүс ажиллуулахад тус байгууллагын хүчин чармайлтыг ашиглах боломжтой юм. Гадаад хэргийн сайдын үзэж байгаагаар Кабул өнөөгийн байдлаар улс орны төвийг сахисан статусыг сэргээхэд илүү идэвхтэй алхам хийх нь чухал байна. Тухайлбал тус улсын нутаг дэвсгэрт байнгын үндсэн дээр гуравдагч орны цэргийн бааз, цэргийн анги нэгтгэлийг үл байрлуулах тухай юм. Ийм алхам бүс нутагт харилцан ойлгож, итгэх уур амьсгал бүрдүүлэх зорилтод түлхэц болно гэдэгт Москва итгэлтэй байна.