Эмийн компанийн ашиг сонирхолд томуугийн байдлыг гажуудуулаагүй гэж Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага /ДЭМБ/ мэдэгдэв. Дэлхий ертөнц тахалтай нүүр тулж байна. Болж байгаа үйл явдлыг гажуудуулах нь алдаатай, хариуцлагагүй хэрэг хэмээн мягмар гаригт тараасан олон улсын байгууллагын хэвлэлийн мэдээнд дурджээ. “Тахал” гэсэн үг нь халдварт өвчин дэлхийн хэмжээнд тархахыг хэлж байна гэж ДЭМБ-ын ажилтнууд сануулсан юм. ДЭМБ-ын дүрмээр вирус дор хаяж хоёр тивд тархасан тохиолдолд тахлын хамгийн дээд зургаа дахь түвшнийг зарладаг. Европын Зөвлөлийн Парламентын ассамблейн хэд хэдэн гишүүн томуугийн тахал эхэлснээс хойш томуугийн эсрэг эм, вакцин их хэмжээгээр худалдан авсан тухайд ДЭМБ-ын зөвлөмж үндэслэлтэй эсэхийг хараат бус мөрдөн шалгалт явуулахыг санаачилсан юм. Франц, Герман зэрэг Европын олон орон хэдэн тэрбум еврогоор вакцин худалдан авсан ч, эцсийн дүнд үүнийг ашиглаагүй байна.