Өнгөрсөн оны эцэст америкийн нисэх онгоцонд алан хядах ажиллагаа үйлдэхийг оролдсон хариуцлагыг Усама бен Ладен өөртөө хүлээлээ. “Аль-Каида” бүлгийн тэргүүний мэдэгдэл бүхий дүрс бичлэгийг арабын “Аль-Жазира” телевиз өнөөдөр дамжууллаа. Бен Ладен дахин террорист халдлага үйлдэнэ хэмээн АНУ-д заналхийллээ. 2009 оны 12-р сарын 25-нд Амстердам Детройтын чиглэлийн А-330 нисэх онгоцонд алан хядах ажиллагаа үйлдэхийг завдсан юм. Нигерийн иргэн Умар Фарук Абдулмуталлаб нисэх онгоц газардахаас цагийн өмнө дэлбэрэх хэрэгслийг ажиллуулахыг оролдсон ч, нисэх баг, зорчигчид үүнийг аюулгүй болгожээ. Нигерийн иргэн Йемен дахь Аль-Каида бүлгийн хуаранд бэлтгэгдсэн нь байцаалтын явцад тодорхой болжээ.