Хойд Кавказын холбооны шинэ тойрог дахъ ерөнхийлөгчийн бүрэн эрхт төлөөлөгч Александр Хлопонин эдийн засгийн асуудалд түлхүү анхаарах бодолтой байна. Бүрэн эрхт төлөөлөгч 1-р сарын эцсээр Хойд Кавказын асуудлыг үндэс суурьтай гүнзгий судалж эхлэх бодолтой байгаагаа хэдийн мэдэгдсэн юм. Үүний зэрэгцээ түүнд ойрын үед хэрэгжүүлэх хэд хэдэн санаа байна. Александр Хлопонин шинэ төсөл хэрэгжүүлэхээр яарахгүй байна. Юуны түрүүнд бүс нутгийн байдлыг сайн судалж, хөндлөнгийн нүднээс далд бүхнийг ойлгосны дараа тэргүүн зэргийн зорилт, аливаа хөтөлбөрийг хэрэгжүүлэх үндэслэлийг тодорхойлно.  Кавказ бэрхшээлтэй асуудал бүхий бүс нутаг биш харин Орос улсын эхлэл юм. Энд хэрэгжүүлэх олон зорилт байна. Юуны түрүүнд нийт нутаг дэвсгэрийн байдалтай биечлэн танилцах хэрэгтэй. Өнгөн талаас хараад өнгөрөх бус харин асуудлын гүнд орох хэрэгтэй байна. Дараа нь зөвхөн эдийн засгийн асуудалд анхаарал хандуулах бус уламжлал, соёл, эдийн засгийг хослуулах хэрэгтэй. Ерөнхийлөгч Александр Хлопонинд үүрэг болгосон тэргүүн зэргийн зорилтын нэг нь субъект тус бүрийн үйл ажиллагааны тодорхой төлөвлөгөө бүхий тойргийг хөгжүүлэх цогц стратеги боловсруулах явдал юм. Үүний тулд урьд Холбооны Өмнөд тойрогт багтаж байсан оросын зургаан бүгд найрамдах улс, Ставрополийн хязгаарыг нэгтгэсэн Хойд-Кавказын холбооны шинэ тойрог байгуулсан юм. Энэ тойрогт Дагестан, Ингушет, Кабардино-Балкар, Карачево-Черкесс, Хойд Осет-Алания, Чечень багтаж байна. Энэ бүс нутгууд өөр өөрсдийн онцлогтой ч, нийгэм, эдийн засгийн асуудал, үндэстний цөөнхийн зөрчил, аюулгүй байдлыг хангахад гарч байгаа бэрхшээл нь ижил төстэй юм. Санасан бодсоноо эхлүүлэхэд түшиглэх зүйл байгаа гэдэгт Александр Хлопонин итгэлтэй байна. Тухайлбал энэ бүс нутгуудад хүн ам зүйн асуудал байхгүй энэ маш сайн хэрэг хэмээн байнгын төлөөлөгч тэмдэглэв.  Энд хөдөлмөрийн нөөцөд ямар нэг хямарал бий юу? Борлуулалтын зах зээлийн тухайд ямар нэг бэрхшээл бий юу? Энд ямар нэг бэрхшээл байхгүй. Тэгэхлээр бэрхшээлийг өөр зүйлээс хайх хэрэгтэй. Энэ удирдлагын алдаа, эсвэл нэн түрүүнд шийдэх шаардлагатай геополитийн зорилт байж болох юм.  Пятигорск хотод бямба гаригт болсон зөвлөлгөөний үеэр ерөнхий сайд В.Путин эдгээр зорилтын хүрээг тодорхойлсон билээ. Тухайлбал ажилгүйдэлтэй тэмцэх, төрийн аппаратын ажлын бүтээмжийг дээшлүүлэх, бүс нутгийн хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах явдал юм. Сүүлчийн зорилтын тухайд Александр Хлопонинд өөрийн гэсэн байр суурь байна.  Мөнгө гэдэг эмэгтэй хүний адил тав тухтай орчинд тэмүүлдэг. Үүнд хүндэтгэлтэй хандаж, нөхцлийг нь бүрдүүлэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл Хойд-Кавказын тойргийн нутаг дэвсгэрийн байгаа боломжийг үр нөлөөтэй ашиглах хэрэгтэй юм. Хлопонин 2002 оноос Красноярскийн хязгаарын даргын албан тушаалыг амжилттай хашсан туршлагыг харгалзан түүнийг шинэ албан тушаалд томиллоо. Үүний зэрэгцээ тавьсан зорилтыг хэрэгжүүлэхэд түүнд хамгийн их бүрэн эрх олгосон юм. Орос улсын практикт анх удаа ерөнхийлөгчийн байнгын төлөөлөгч нэгэн зэрэг ерөнхий сайдын орлогчоор ажиллаж байна.