Татарстаны ерөнхийлөгч Минтимер Шаймиев залуу улс төрчдөд “зам тавьж” өгөхөөр шийджээ. Түүний бүрэн эрхийн хугацаа 2010 оны 3-р сарын 25-нд дуусна. Бүс нутгийн удирдлагыг томилох шинэ журмын дагуу энэ албан тушаалд нэр дэвшигчдийн жагсаалтыг Орос улсын ерөнхийлөгчид танилцуулав. Тэдний дунд Минтимер Шаймиев байгаа ч, тэрээр өчигдөр Д.Медведевээс энэ албан тушаалд өөрийг нь нэр дэвшүүлэхгүй байхыг хүслээ. Энэ шийдвэрийг гэнэтийн гэж хэлж болохгүй. Шаймиев тав дахь удаа дахин тус бүгд найрамдах улсын ерөнхийлөгчөөр улиран ажиллах хүсэлгүй байгаагаа өнгөрсөн оны 6-р сард мэдэгдсэн юм. Ерөнхийлөгч Д.Медведев 2009 оны 12-р сард мужийн дарга нар энэ албан тушаалд гурваас илүү удаа улиран сонгогдох хэрэггүй хэмээн тэмдэглэсэн юм. Татарстаны ерөнхийлөгч хэлсэндээ хүрч, өөрөө нэрээ татжээ. Д.Медведев түүний байр суурийг зөвшөөрсөн байна. Татарстаны засгийн газрын тэргүүн Рустам Миннихановыг тус бүгд найрамдах улсын тэргүүнээр томилохыг Татарстаны Төрийн зөвлөлд зөвлөнө хэмээн ерөнхийлөгч хэлсэн юм. Энд төр засгийн залгамж байдал бэлхнээ харагдаж байна гэж Үндэсний стратегийн хүрээлэнгийн захирал Станислав Белковский хэлэв.  Шаймиев албан тушаалаа хүлээлгэн өгсөн нь амаргүй шийдвэр байсан. Түүний залгамжлагчаар гарцаагүй шаймиевийн багийн хүн Татарстаны ерөнхий сайд Рустам Миннихановыг томилсон нь тохиролцоонд хүрэх улбаатай. Манай улс төрч гарцаагүй өөрийн хүсэлтээр албан тушаалаа өгч байна. Минтимер Шаймиев тэс өөр үеийг төлөөлж байгаа. Тэрээр бүс нутгийн хууль тогтоомжийг нэгтгэх, бүгд найрамдах улсын ерөнхийлөгчийн албан тушаалаас татгалзах зэрэг бүс нутгийн шинэ бодлоготой олон талаар санал нийлдэггүй. Орос улсын тусгаар тогтнол хуваагдашгүй, бүх холбооны улсын хэмжээнд энэ хүчинтэй тул зөвхөн ганц ерөнхийлөгчтэй байна гэдгийг Д.Медведев улс төрч, хуульчийн хувьд ойлгуулах нь нэн чухал юм.  2001 оноос Орос улсын улс төрийн томоохон нам “Нэгдсэн Орос улс” намын нэг удирдагч Шаймиевийн сөрөг намын улс төрчид түүнийг намын хөтөлбөрийн бие даасан зүйлийг хүлээн зөвшөөрөөгүй тул албан тушаалаасаа сайн дураар огцорсон хэмээн яаран тайлбарласан юм. “Нэгдсэн Орос улс намын” дотоод зөрчлөөс ийм шийдвэр гаргасан гэж ОХУ-ын Коммунист намын гишүүн Улсын Думын дэд дарга Иван Мельников үзэж байна. Үүний зэрэгцээ Шаймиев намын засаглал төдийгүй холбооны төв, бүс нутгийн бодлогыг шүүмжилдэг нэгэн. Тэрээр 1990-ээд оноос энэ бүхнийг шүүмжилж, 19 жилийн турш ийм байр суурьтай байна. Тэрээр бүс нутгийн эрхийг нэмэгдүүлэх, орон нутагт холбооны төвийн нөлөөг бууруулахын төлөө төр засгийн удирдлага бүртэй тэмцэлддэг байсан. Шаймиев юуны түрүүнд зөв улс төрч, аж ахуйн сайн эрхлэгч хэмээн үр нөлөөтэй бодлогын сангийн ерөнхийлөгч Глеб Павловский үзэж байна. Өнөөгийн байдлаар маш сайн нягтарсан, дотроосоо сайн зүлгэсэн Татарстаны улс төрийн систем, үүнийг үндэслэн цогцлуулсан хүн нь албан тушаалаа өгсөний дараа ч, сайн ажиллана. Мэдээж хэрэг Шаймиев явсны дараа зарим нэг хүний сэтгэл санаа цочирдоно. Орос улсад өнөөгийн байдлаар 1990-ээд оны эхэнд төрийн эрхэнд гарсан бүс нутгийн олон удирдагч байна. Тэдний олонх нь бүс нутаг болон холбооны түвшинд Шаймиев шиг гарцаагүй нэр хүндтэй хүмүүс байна. Тухайлбал Халимаг, Чуваш, Москва хотын дарга, Югра, Ростов, Томск, Омск мужийн дарга нарыг хэлж болно. Шаймиев албан тушаалаасаа огцорсон нь шууд биш юм гэхэд тэдэнд бодож, тунгаах дохио болохыг үгүйсгэхгүй гэж улс төрийн технологийн төвийн орлогч захирал Борис Макаренко үзэж байна.  “Ахмад дайчин” гэж хэлж болох бүс нутгийн олонх дарга нар хэлж ярихгүй юм гэхэд, дотроо, “Шаймиев албан тушаалдаа байж л байна. Би түүнээс залуу” хэмээн биеийн нас бус төрийн эрхэнд байсан хугацаагаар бодож байна. Тэгвэл ийм хүмүүст энэ шийдвэр дохио болно. Одооноос бүс нутгийн даргын хэсгийг сэлгэхэд “Минтимер Шаймиевийн үр нөлөөг” харгалзана. Орос улсыг өөрчилж, шинэчлэх шинэ үзэл санаатай илүү залуу улс төрчдөд засгийн эрхийг шилжүүлэх алсын хараатай, үлгэр дууриалал болох жишиг байна.