Дэлхийн монгол хэлтэн ард түмэн энэ оны зун Буриадын нийслэлд уулзана. Энд 7-р сарын 14-18-нд дэлхийн монгол туургатны дөрөв дэх чуулга уулзалт болно. Дэлхийн монгол туургатны чуулга уулзалт олон улсын төрийн бус байгууллагыг 2006 онд Улаанбаатар хотод байгуулсан юм. Тус байгууллагын үйл ажиллагаа Монголын түүх, хэл, соёлыг судалж, хадгалж, түгээн дэлгэрүүлэхэд чиглэж байна. Энэ нь дэлхийн монгол хэлтэй ард түмний цогц форум юм. Улан-Үдэд чуулга уулзалтыг зохион байгуулах ажлын хэсгийн дарга Буриадын бүгд найрамдах улсын нийгмийн хөгжлийн асуудал эрхэлсэн засгийн газрын орлогч дарга Баир Балжиров өнөөдөр манай нэвтрүүлэгт оролцож байна.
-Баир Гвибалович, өнөөдөр дэлхийн хэмжээнд хэдэн монгол үндэстэн, монгол хэлээр ярьдаг ард түмэн байна вэ? 
Тоолоод үзье л дээ. Монгол улсад 3 сая орчим хүн байна. Буриад, мөн Хятадын Өвөр Монголын өөртөө засан орны монгол хэлтэй ард түмнийг оролцуулаад 3 сая орчим хүн байна. Орос улсад 400 мянга орчим буриад үндэстэн, мөн хэмжээний халимаг үндэстэн байна. Дэлхийн бусад оронд халимаг үндэстэн багагүй байдаг. Тэгэхлээр 8 сая орчим хүн байна.  Дэлхийн өнцөг булан бүрээс монгол туургатнууд 2006 оны 8-р сард Монгол улсын нийслэлд анх цугласан. ОХУ-ын Халимагийн бүгд найрамдах улсын нийслэл Элистэд анхны чуулга уулзалт, 2008 оны 11-р сард Австрийн нийслэл Вена хотод болсон юм. Одоо дэлхийн өнцөг булан бүрт суугаа монгол туургатнууд энэ жил Улан-Үд хотод цуглана.
Буриад улсад ээлжит чуулга уулзалтыг хэзээ, хэн зохион явуулахаар шийдсэн бэ? Бэлтгэл ажил ямар шатанд байна вэ? 
Монгол Улсын Гадаад хэргийн сайд өнгөрсөн оны 3-р сард Дэлхийн монгол туургатны ээлжит чуулга уулзалтыг Улан-Үд хотод зохион явуулах боломжийг судлахыг Буриадын ерөнхийлөгч Вячеслав Наговицынээс хүссэн юм. Чуулга уулзалтыг монгол хэлтэй ард түмэн оршин суудаг эсвэл монгол үндэстний цөөнх байдаг газар зохион явуулах боломжтой юм. Холбооны Гадаад хэргийн яамтай зөвлөлдсөний дараа Чуулга уулзалтыг Буриадын нийслэлд зохион явуулахыг зөвшөөрсөн. Чуулга уулзалтыг зохион явуулах ажлын хэсгийг би ахалж байгаа. Харин Зохион байгуулах хороог Бүгд найрамдах Буриад улсын ерөнхийлөгч Наговицын тэргүүлж байна. Бид 12-р сард Монголд очиж, чуулга уулзалтын удирдлагатай үүнийг хэрхэн зохион явуулах асуудлыг хэлэлцсэн юм. Жил бүр бага хурлыг янз бүрээр зохион байгуулдаг. Буриадад зохион байгуулах чуулга уулзалт гурван хэсгээс бүрдэнэ. Чуулга уулзалтын албаны хэсэгт дэлхийн янз бүрийн оронд оршин суугаа монгол үндэстний хамтын ажиллагааны ерөнхий асуудлыг хэлэлцэж, эрдэм шинжилгээний илтгэл сонсоно. Хоёр дахь хэсэг нь спорт-соёлын сэдэвтэй болно. Гурав дахь нь ажил хэргийн байна. Бид харилцан ашигтай эдийн засгийн хамтын ажиллагааны хувилбарыг хэлэлцэнэ.
Ийм өргөн хүрээтэй арга хэмжээ зохион явуулахад багагүй зардал гарна. Дэлхийн монгол туургатны чуулга уулзалтыг ямар хөрөнгөөр зохион явуулах вэ? Дэлхийн хэдэн орноос төлөөлөгч ирэх вэ? 
Чуулга уулзалтын арга хэмжээг зохион явуулахад Бүгд найрамдах Буриад улсын төсвөөс тодорхой хөрөнгө хуваарилсан. Харин форумд оролцох төлөөлөгчид замын зардал, оршин байх зардлаа өөрсдөө хариуцана. Онцгой тохиолдолд чуулга уулзалтыг зохион байгуулагчид энэ зардлыг гаргаж магадгүй. Дэлхийн 10 орны монгол хэлтэй ард түмний төлөөлөгчид бага хуралд оролцох төлөвтэй байна. Австри, Франц, Унгарт суугаа халимаг үндэстний цөөнх чуулга уулзалтанд оролцоход бэлэн болохоо мэдэгдсэн. Чуулга уулзалтын ажлын хэл монгол, орос, англи хэл байна. Буриадын бүгд найрамдах улс энэ чуулга уулзалтыг дорвитой өргөн хүрээтэй арга хэмжээ гэж үнэлж байна. Чуулга уулзалтыг амжилттай зохион байгуулснаар олон улсын хамтын ажиллагааны хүрээг тэлж, манай бүс нутгийн нэр хүндийг өргөнө гэдгийг бид маш сайн ойлгож байгаа. Буриад эдийн засаг, соёлын салбарт гаргасан амжилт, эв нэгдэл, найрамдалтай оршин суугаа ард түмний уламжлалыг танилцуулж, Байгаль орчмын хязгаарын давтагдашгүй байгалийг үзүүлнэ. Дэлхийн монгол туургатны чуулга уулзалтыг зохион байгуулах ажлын хэсгийн дарга, Бүгд найрамдах Буриад улсын нийгмийн хөгжлийн асуудал эрхэлсэн засгийн газрын орлогч дарга Баир Балжиров манай нэвтрүүлэгт оролцлоо. 
<сонсох>