Буриадын бүгд найрамдах улсын хүссэн хүн бүр ойрын үед монгол хэл суралцах боломжтой, харин Монгол улсад орос хэл судлах шинэ төвүүд бий болно. Оросын энэ бүс нутгийн Боловсрол, шинжлэх ухааны яам болон тус бүгд найрамдах улсын боловсрол, удирдлагын боловсон хүчний хүрээлэн Монголын “Бриж” олон улсын коллежийн монгол хэлний төвтэй хамтран ажиллаж эхэллээ. Монгол улсад орос хэл, мөн Буриадад монгол хэл түгээн дэлгэрүүлэхэд энэ ажил чиглэж байна. Саяхан Улан-Үд хотод энэ протоколд гарын үсэг зурсан юм. Манай тусгай сурвалжлагч Ольга Павлович Буриадын боловсрол болон удирдлагын боловсон хүчний хүрээлэнгийн ректор Игорь Булыгинаас шинэ төслийн талаар тодрууллаа.
Игорь Львович, Монгол улсад орос хэл судлах багагүй төв бий, харин Буриадад монгол хэл судлах төвийг анх удаа байгуулж байна. Энэ юутай холбоотой вэ?
Монгол улс болон Буриадын бүгд найрамдах улс эртнээс харилцаатай, сүүлийн үед энэ харилцаа шинэ хэлбэрээр эрчимтэй хөгжиж байна. Саяхан Оросын манай бүс нутаг болон Монгол улсын хооронд юуны түрүүнд хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэсэн хамтран ажиллах тухай засгийн газар хоорондын шинэ гэрээ байгуулсан юм. Энэ баримт бичигт Монгол улсад орос хэл судлахад тусламж үзүүлэх зүйл байдаг. Буриадад мөн ялгаагүй монгол хэл судлах хариу алхам хэрэгжүүлэхээр шийдсэн. Боловсролын шинэ үйлчилгээний зах зээлийг эзэмшсэн манай хүрээлэн энэ ажлыг хариуцана. Монгол хэл судлах үйл явцыг төвөггүй зохион явуулна. Буриад, монгол хэл их ойролцоо.
Буриад, монголчууд бие биенээ орчуулагчгүй ойлгодог. Гэхдээ хэл нь ялгаатай. Авиан зүй болон зөв бичих дүрмийн хувьд ч ялгаатай. Танай төвд ямар хүмүүс монгол хэл судлах вэ? Монгол хэлийг хэрхэн заах вэ? 
“Зорилтот” бүлэг байгуулна. Тухайлбал Монголд дадлага хийх, хөрш орны их дээд сургуульд элсэх бодолтой сурагчид, манай нөхөрсөг хөрш орныг илүү сайн мэдэхийг хүсч байгаа бүх хүн, шашны төлөөлөгч, бизнес эрхлэгч зэргээс бүрдсэн бүлэг байгуулна. Зорилтот бүлгүүд янз бүрийн хугацаатай хэл сурна. Жишээ нь буриад хэлний багш нарыг монгол хэлний багшаар бэлтгэх жилийн сургалт зохион байгуулахаар төлөвлөж байна. Энэ тохиолдолд улсын загварын диплом олгоно. Монгол улсад зорчих хүсэлтэй жуулчдад 2 долоо хоногийн сургалт зохион байгуулна. Тэгэхлээр янз бүрийн хугацаатай уян хатан хөтөлбөр боловсруулсан байгаа. “Бриж” олон улсын коллежийн монгол хэлний төвийн монгол мэргэжилтнүүд бидэнд өөрсдийн боловсруулсан сурах бичиг өгсөн. Манай монгол хэлний төвийн сургалтыг Улаанбаатар хотоос холгүй орших “Тэрэлж” хэмээх газрын “Гэр Сатр” амралтын газар, Дархан хотын “Хан Тайшир” хүүхдийн лагерьт хэлний дадлагаар өндөрлөхөөр төлөвлөж байна. Үүнээс гадна семинар, эрдэм шинжилгээ практикийн бага хурал, сурах бичиг-арга зүйн материал солилцох, сурах бичиг, гарын авлагыг хамтран боловсруулахаар төлөвлөж байна.
Төслийг хэн санхүүжүүлж, хэзээ хэрэгжүүлэх вэ? 
Энэ төслийг хэрэгжүүлэхэд мөнгө хуваарилаагүй. Тэгээд ч хямарлын үе байна. Энэ бизнесийн төсөл юм. Хүмүүс ямар нэг юм авахыг хүсч байгаа бол мөнгө төлөх ёстой. Энэ төсөл эрэлт хэрэгцээтэй, ирээдүйтэй болохыг харгалзавал монгол хэл суралцах хүсэлтэй хүмүүс цөөнгүй байгаа гэж бодож байна. Энэ төслийн хүрээнд хамтран ажиллах тухай хэлэлцээрт бид саяхан монголын ажил нэгт нөхөдтэй гарын үсэг зурсан. Бид 1-р сарын эцэс хүртэл бүх асуудлыг зохицуулж, 2-р сараас ажлаа эхлэхээр төлөвлөж байна.
Буриадын боловсрол, удирдлагын боловсон хүчний хүрээлэнгийн ректор Игорь Булыгинтай хийсэн ярилцлагыг хүргэлээ.